Я.Төмөрбаатар: Шинэ хичээлийн жилд МУИС судалгаа, сургалтдаа амжилт гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн 77 дахь хичээлийн жилийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд МУИС-ийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, УИХ-ын дарга Г.Занданшатар, МУИС-ийн УЗ-ийн дарга С.Цэдэндамба, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат нарын зочид төлөөлөгч оролцов.
Анх 1942 онд гурван тэнхим, 150 гаруй оюутантай байгуулагдаж
байсан тус сургууль өдгөө долоон бүрэлдэхүүн сургууль, нэг ахлах сургууль,
харьяа 20 хүрээлэнтэй, 21 мянган оюутантай үйл ажиллагаа явуулж
байна.
Энэ хичээлийн жилд тус сургууль 2259 оюутан шинээр
элсүүлснээс 492 нь гадаадын 19 орноос иржээ. Тухайлбал, БНХАУ, ОХУ, Их Британи,
БНСУ, Вьетнам, Лаос, Турк, БНАСАУ, Япон, Тайланд, Афганистан, ХБНГУ, Тонго,
Казахстан, Франц, Унгар, Австрали, Итали гэсэн орны оюутан суралцах юм.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар шинэ хичээлийн жилийг нээж хэлэхдээ,
“Ирээдүйд XXI зууны хөгжлийн хурдны их ачаалал, аж үйлдвэрийн IV хувьсгалд
бэлтгэгдсэн аль ч улс орон, бүс нутагт хөрвөж ажиллах чадвартай хүний нөөцийг
бэлтгэн гаргахыг цаг үе уриалан дуудаж байна. Монгол Улсын Засгийн газраас
өнгөрсөн онд судалгаанд суурилсан их сургуулийг дэмжих үндэсний хөтөлбөр
баталсны дагуу Монголын их сургуулиудын менежмент, бүтэц, зохион байгуулалт,
санхүүжилт, багшлах хүний нөөц, хөтөлбөр, сургалт, судалгааны орчин нөхцөлийг
сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах гэж буйд талархалтай байна.
Дэлхийн нийтийн чиг хандлага салж жижгэрэх бус, нэгдэн нийлэх чиглэл рүү явж
байгаа билээ. Шинэ хичээлийн жил МУИС-ийн хувьд судалгаа, сургалтдаа амжилт
гаргасан, ахисан түвшний сургуулиа байгуулсан жил болно гэдэгт итгэлтэй байна”
гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн
үгэндээ, “Монголын ирээдүй бол оюутан залуус. Та нар дипломын төлөө бус
өөрийгөө хөгжүүлж, сурч мэдэхийн төлөө хичээгээрэй. Орчин цагт дэлхий даяар
дипломыг бус хувь хүний авьяас, чанарыг илүүд үзэж байна. Тиймээс хаана ч очсон
чадвартай хүнд ажлын байр бий шүү” гэдгийг онцлов.
Түүнчлэн МУИС нь 2010 оноос эхлэн Web of Science мэдээллийн
санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлээс хамгийн өндөр
импакт фактортой сэтгүүлд хэвлүүлсэн чансаа өндөр эрдэм шинжилгээний бүтээлийг
шалгаруулан МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал олгоод 10 дахь жилдээ золгож
байна. 2019 оны МУИС-ийн Захирлын нэрэмжит “Шилдэг эрдэм шинжилгээний
бүтээл”-ээр МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн профессор Б.Болдгивийн
36.2 импакт фактортай CELL сэтгүүлд хэвлүүлсэн “Tracking Five Millennia of
Horse Management with Extensive Ancient Genome Time Series” өгүүлэл шалгарч
цом, 3 сая төгрөгийн шагналыг гардлаа.
Түүнчлэн МУИС нээлтийн ёслолын үеэр багш, оюутнуудынхаа
бүтээлээр үзэсгэлэн гаргасан байв. Шинээр элсэж буй оюутнуудад ерөнхий эрдмийн
ном, сурах бичгээ сурталчлан таниулах зорилготой тус үзэсгэлэнд МУИС-ийн багш
нарын бичиж, туурвисан 700 гаруй ном, сурах бичиг дэлгэжээ.
Бүтээлийн үзэсгэлэнтэй УИХ-ын дарга Г.Занданшатар танилцаж багш нарын судалгааны ажил, туршилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан бөгөөд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн нано хиймэл дагуулын лабораторид бүтээж буй Монгол Улсын хоёрдахь хиймэл дагуул “Тэмүүлэл” төслийн багийнхантай ярилцав. УИХ-ын дарга Г.Занданшатарт “Тэмүүлэл” төслийн дурсгалын зүйлийг гардуулсан юм.