Сургуулийн хянах камерыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-08-27 10:53:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн 2019-2020 оны шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хичээлийн шинэ жил” үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулж байна.


Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэ сарын 26-наас эхлэн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын гадна, доторх хянах камеруудад үзлэг шалгалт хийж эхэллээ. Хянах камеруудын чанар, үзүүлэлтийг сайжруулах, ашигтай тусгалд байрлуулах, хадгалалтын хугацааг уртасгах талаар сургуулиудад зааварчилгаа өгч, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг авч байна.

Уг шалгалтанд тус дүүргийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХҮИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон 1, 2, 31, 6, Үй цай, Сант зэрэг төрийн болон хувийн хэвшлийн томоохон 22 их, дээд сургууль, 24 ерөнхий боловсролын сургууль хамрагдах юм.

Шалгалт ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

相关新闻