Үерийн аюулаас сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнөөдөр говь болон зүүн аймгуудын зарим газраар, маргааш зүүн аймгуудын зарим нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороотой тул ОБЕГ-аас болзошгүй үер, нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүллээ.
Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээллээр, энэ сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна.
Түүнчлэн үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулахыг сануулав.
Эрүүл мэндийн байгууллагаас үер усны аюулын үед авах арга хэмжээний талаар дараах зурган санамж гаргажээ.