Түр хэлэлцээр байгуулахыг БНСУ, Японд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-31 12:45:51

ЛОНДОН. /Reuters/. Худалдааны шинэ хориг арга хэмжээ авах хугацааг хойшлуулж, хоёр улсын хооронд үүсээд буй санал зөрөлдөөнийг шийдвэрлэх хугацаа өгөх боломжтой хэлэлцээрт гарын үсэг зурахыг БНСУ болон Япон улсад АНУ уриалжээ.


"Хэлэлцээрт тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэхийг тусгалгүйгээр маргааныг даамжруулахад хүргэж болзошгүй шинэ алхмуудыг авч хэрэгжүүлэх хугацааг хойшлуулахыг тусгах хэрэгтэй" хэмээн Америкийн Засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэн байна.  


БНСУ болон Япон улс хоорондын худалдааны маргааныг зохицуулах асуудалд зуучийн хувиар оролцоход бэлэн байгаагаа өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм.


Японы Засгийн газар долдугаар сарын 1-нд хагас дамжуулагч болон янз бүрийн төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг гурван төрлийн материалын экспортод тавьдаг хяналтаа чангатгасан байна. Японы тал эдгээр материалын заримыг нь Өмнөд Солонгосоос БНАСАУ-д нийлүүлсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм.


Дэлхийн II дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын дөрвөн ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио болон Сөүлийн харилцаа мууджээ.


Японы Засгийн газар дээрх шийдвэрийг няцаагаад, энэ асуудлыг 1965 онд Токио болон Сөүлийн харилцаа хэвийн байх үед эцэслэн шийдсэн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос нөхөн төлбөр олгох хэрэгтэй холбоотойгоор “Nippon Steel & Sumitomo Metal” компанийн хөрөнгийг хураах журмыг санаачилсан байна.

 

相关新闻