“Сибирийн хүч” хий дамжуулах хоолойн дунд хэсгийг Хятадад тавьж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын нефть, хийн үндэсний корпораци /CNPC/ ОХУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойн төслийн “зүүн” чиглэлийн дунд хэсгийг тавих ажлыг нутаг дэвсгэртээ эхлүүлжээ. Тус корпорацын цахим хуудсанд мэдээлснээр, ажлыг 2020 оны 10 дугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна.
Хятадын нутаг дэвсгэр дээгүүр тавих хий дамжуулах хоолойн “зүүн” чиглэл нь хойд, дунд, өмнөд гэсэн гурван хэсэгтэй байна. CNPC-гийн мэдээлснээр, дунд хэсгийн хий дамжуулах хоолой нь 1100 гаруй км урт бөгөөд Хятадын зүүн хойд нутгийн Зилинь мужийн Чанлин хошууг хойд нутгийн Хэбэй мужийн Юнцин хоттой холбох аж. Уг хоолойг тавих ажилд 10 мянга орчим хүн оролцоно.
ОХУ-ын “Газпром” компани энэ оны арванхоёрдугаар сарын 20-ноос “Сибирийн хүч” хоолойгоор Оросын байгалийн хийг Хятад руу экспортолж эхлэхээр бэлтгэж байгаа билээ. Хий дамжуулах уг хоолой 2019 онд ашиглалтад орсноор эхний жил 4.6 тэрбум шоо метр байгалийн хий, 2021 оноос 10 тэрбум, 2022 оноос 16 тэрбум, 2024 онд 25 тэрбум, 2025 он гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрч 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм.