АНУ Европын 4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-03 11:52:01

ВАШИНГТОН. /CNN/. Нисэх онгоц үйлдвэрлэгч компаниудын татаасын асуудалтай холбоотойгоор АНУ Европын Холбооны /ЕХ/ 4 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж магадгүй байна.


АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас мэдээлснээр, шинэ татвар мах, бяслаг, гоймон, жимс, кофе, виски зэрэг 89 төрлийн бүтээгдэхүүнийг хамрах ба эдгээр нь ЕХ-ны 21 тэрбум ам.долларын өртөг бүхий экспортын жагсаалтад нэмэгдэх төлөвтэй байна.


АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээр байгуулах талаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсоноос хойш хэдхэн хоногийн дараа дээрх мэдээлэл гарчээ. БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн билээ.


Вашингтон болон ЕХ-ны олон жилийн маргаан нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing”, “Airbus” компанийн татаасын асуудлаас үүдэлтэй. “Boeing” холбооны болон муж улсын Засгийн газруудаас 1989-2000 оны эхэн үе хүртэл 19 тэрбум ам.долларын татаас авсан талаар ЕХ-ны эрх баригчид 2004 онд мэдээлсэн бол “Airbus” компани ч мөн татаас авсан талаар АНУ-ын Засгийн газар тухайн үед мэдээлж байв.


АНУ-ын сүүлийн шийдвэрийн талаар Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Boeing” компанитай холбоотой асуудлаар мөн хариу арга хэмжээ авч магадгүй гэжээ. Мөн тэрбээр, ЕХ АНУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгааг онцолсон байна. 

相关新闻