“Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийг хэрэгжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-06-20 17:47:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс  хамтран хэрэгжүүлсэн “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга”  төслийн  хаалтын хурал болж, үр дүнг хэлэлцлээ.

 

Тус төслийг Монгол Улсын Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг босгох, гадаад болон дотоод нөөц боломжийг дайчлах төлөвлөгөө, шийдлийг боловсруулах зорилгоор хэрэгжүүлсэн юм. 

 

БИОФИН төслийг 2015 оны 9 дүгээр сард албан ёсоор НҮБХХ-өөс Байгаль Орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны санаачилга, дэмжлэгээр эхлүүлсэн бөгөөд байгаль хамгаалах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх шинэлэг стратеги болон арга хэмжээг тодорхойлохтой шууд уялдаатай ажилласан. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд  НҮБХХ Монгол Улсын төр, засгийн газарт дэмжлэг үзүүлж олон салбарт хамтран ажиллаж байгаа юм.

БИОФИН төслийг 2012 оны 10 дугаар сард “Биологийн олон янз байдлын конвенц”-ын талуудын хурлаар анх НҮБХХ-өөс санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази, Латин Америк, Африкийн одоогоор 30 гаруй оронд хэрэгжүүлж байна.

Хурлыг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ төслийн хүрээнд хийсэн судалгаа шинжилгээ  байгаль хамгаалах ажилд шаардлагатай санхүүжилтийг босгох нөөц боломжийг дайчлах арга зам, шийдлийг тодорхойлох, улмаар 2030 онд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилтууд, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, мөн шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой байсныг дурдаад цаашид хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг онцоллоо.

Түүнчлэн энэ үеэр БИОФИН төслийн үндэсний зөвлөх багийнхан байгаль хамгаалах бодлого, институтын өнөөгийн нөхцөл байдал болон шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлсон үр дүнгээ танилцуулснаас гадна үндэсний түвшинд санхүүжилтийн хэрэгцээг хангах буюу нөөц боломжийг дайчлах хамгийн тохиромжтой тогтвортой шийдлийг санал болгож байв.


Б.Ариунтуяа


相关新闻