Голын усны түвшин огцом нэмэгдэж үерлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэжээ.
Он гарсаар улсын хэмжээнд 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 аймгийн 8 сум, нийслэлийн 1 дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, 3 нь хүүхэд юм.
Цаашид ихэнх нутгаар бороо үргэлжлэн орж, жижиг
гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж үерлэж болзошгүй байгаа тул голын эрэг дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж
ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс
байнга сонор сэрэмжтэй байхыг Цаг уур,
орчны шинжилгээний газар онцгойлон анхааруулж байна. Мөн хот
суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах
нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч
урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.