Монгол банхар, тайга нохойн удмын санд 2200 гаруй нохой бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол банхар, монгол тайга нохойн аварга шалгаруулах “Ирээдүйн аварга 2019” үзэсгэлэн, тэмцээнд 3-6 сартай 80 гаруй гөлгийг олон улсын тэмцээний стандартын дагуу, бие бялдрын хөгжлөөр нь өрсөлдүүллээ.
Монголын нохой судлалын холбооны дэргэдэх Монгол банхар судлалын холбооноос зохион байгуулдаг уг тэмцээн энэ сарын 12-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болсон юм. Нүүдэлчин ахуйн өв соёлоос салгаж боломгүй монгол банхар, монгол тайга нохойг биологийн төрөл зүйлээр болон цэвэр цусаар нь өсгөн үржүүлэх, удмын санг нь хамгаалах, хүүхэд залууст амьтан хайрлах, өсгөн үржүүлэх талаар мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор уг тэмцээнийг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ удаагийн тэмцээн ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү мужийнхаас гадна Хэнтий, Дорноговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, нийслэл дэх үржүүлэгчид оролцов. Тэмцээний хүрээнд, нохой сонирхогчдын дунд гэрэл зургийн уралдаан, Үндэсний соёл амралтын хүрээлэнд монгол банхар, монгол тайгын гөлгөн нохдын парад боллоо.
Тэмцээнийг Монголын нохой судлалын холбооны шүүгч Б.Энхбаяр Олон улсын нохой судлалын холбооны (FCI) холбогдох дүрэм, стандартын дагуу шүүн явуулсан байна. Мөн нохой муурны хоол үйлдвэрлэгч “Royal Canin Монголиа”, “Мянган найз” групп, “Дэлхийн байгаль хамгаалах сан"-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Зоос гоёл” ХХК, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг байгууллага ивээн тэтгэжээ.
Дэлхийд нохойн 400 гаруй үүлдэр
бүртгэлтэй байдаг бөгөөд Төв Азийн
уулархаг бүс нутгийн
эрс тэс уур амьсгалыг даван туулснаараа монгол банхар, монгол тайга нохой нь бусад
үүлдрээс ялгарах онцлогтой. Монгол
нохойг цэвэр цусаар нь өсгөн үржүүлэн, удмын санг нь хамгаалж, нүүдэлч ахуйд
нутагшуулахыг зорьж байна. Уг үүлдрийг олон улсад хүлээн зөвшөөрсөн үүлдэр болгон бүртгүүлэх
зорилгоор, Монголын нохой судлалын холбооны дэргэдэх Монгол банхар судлалын холбоо
нь ажиллаж байгаа юм. Тус холбооны удмын сангийн бүртгэлд 2000
гаруй монгол банхар, 200 гаруй монгол тайга нохой бүртгэлтэй байдаг. Монгол
нохой үржүүлэгч тус бүр 5-20 орчим нохойтой бөгөөд
Монгол банхар судлалын холбоонд одоогоор 120 гаруй үржүүлэгч нэгджээ.