АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-14 11:24:35

БЭЭЖИН. /Xinhua/. Ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн АНУ-аас импортолж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татварыг нэмэгдүүлэхээр болсон гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн татварын комисс даваа гарагт мэдээлэв.


Өмнө нь Бээжин АНУ-ын 60 тэрбум ам.долларын өртөг бүхий импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулж, зарим бараа бүтээгдэхүүний татварыг 25, 20, 10 хувь болгон нэмэгдүүлсэн билээ.


Вашингтон БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татвараа 10 хувиас 25 хувьд хүргэн нэмэгдүүлсний дараа Бээжин энэхүү шийдвэрийг гаргажээ.


“АНУ-ын энэхүү арга хэмжээ нь худалдааны маргааныг даамжруулж, зөвшилцлөөр дамжуулан худалдааны саад тотгоруудыг бууруулах чиглэлд хоёр талын байгуулсан тохиролцоог зөрчсөн” гэж Гаалийн татварын комиссын мэдэгдэлд тэмдэглэжээ. Түүнчлэн уг үйлдэл нь хоёр талын ашиг сонирхолд хохирол учруулж, дэлхий дахины хүлээж байсан үр дүнтэй нийцээгүй хэмээн дурдсан байна.


“Худалдааны олон талт механизмыг дэмжиж, улс орныхоо эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс АНУ-ын нэг талт, хамгаалалтын бодлогын хариуд тус улсаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахад хүрлээ” гэж дээрх мэдэгдэлд онцолжээ. 


АНУ хоёр талын худалдаа, эдийн засгийн зөвшилцлийн зөв чиг шугаманд эргэн орж, бие биеэ хүндэтгэх зарчимд тулгуурласан харилцан ашигтай хэлэлцээрийг байгуулахад хамтын хүчин чармайлт гаргана хэмээн БНХАУ найдаж байна. 

相关新闻