Тэмцээний шагналын мөнгөө осолдсон тамирчдад хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 17:30:08

Өвөрхангай аймгийн Залуучуудын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд оролцохоор явж байсан зургаан залуу Зүүнбаян-Улаан сумын нутаг Хүйтний хөндий гэх газар Тоёота Приус маркийн авто машинтай онхолдсон ноцтой хэрэг энэ сарын 17-ны өдөр гарсан.

Энэ үеэр 20-22 насны гурван залуу газар дээрээ нас барж, гурав нь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүнд байдалтай эмчлүүлж байгаа юм. Эдгээр залуус Сант сумын шигшээ багийн тамирчид аж.  Үүнтэй холбогдуулан, Монголын волейболын залуучуудын холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан “D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багууд шагналын мөнгөө осолд орсон тамирчдын эмчилгээний зардалд хандивлаад байна.

Монголын волейболын залуучуудын холбооны тэргүүн Ч.Отгонбаяр хэлэхдээ “Волейболын спорт бол багийн спорт юм. Талбай дээр нэг баг болж тоглодог шигээ амьдрал дээр ч нэг нэгнийгээ хүндэлж хайрлах сэтгэлтэй болгодог сайхан спорт. Монголын Волейболын спорт 3 тамирчнаа алдаж, 3 тамирчин нь дахиж тоглож чадах үгүй нь мэдэгдэхгүй байгаа хэцүү үед бид зүгээр залбираад суух биш, туслах ёстой, нэгдэж хөдлөх ёстой гэж бодсон. Тиймээс тэмцээнд оролцож байгаа 24 багийн ахлагч, дасгалжуулагчдыг уриалж эмчилгээний зардалд нь шагналынхаа мөнгийг хандивлахаар болсон” гэжээ.

Осолд орсон тамирчид 3 сарын 19, 20-нд Улаанбаатар хотод болсон D зэрэглэлийн сонихогчдын тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн байсан ч түүнээсээ буцан нутгийнхаа тэмцээнд оролцохоор явж байхдаа ийнхүү осолдсон юм. Хэрэг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байгаа бөгөөд хүний тоо хэтэрсэн, бүгд хамгаалалтын бүс зүүгээгүй, хурд хэтрүүлсэн зэрэг  байдалтай байжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

相关新闻