Өвөрхангайн багачууд Энэтхэг бүжгийн уралдаанд тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангайн авьяаслаг багачууд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ардын болон үндэсний бүжгийн урлагийг сурталчилан таниулах зорилготой “Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн улсын уралдаанд амжилттай оролцлоо.
Монголын хүүхдийн ордон, Монгол дахь Энэтхэгийн соёлын төв, БНЭУ-ын элчин сайдын яам хамтран 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа уг наадамд Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Завхан, Дархан-Уул, Булган, Говьсүмбэр болон Улаанбаатар хотоос 200 гаруй авьяаслаг өсвөрийн бүжигчид ур чадвар, авьяас билгээ дайчлан оролцсон байна.
Наадмын гоцлол бүжгийн төрлийн бага насны ангилалд Тэргүүн байрын шагналыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Энэрэл, хамтлаг бүжгийн төрлийн дунд насны ангилалд Тэргүүн байрын шагналыг Арвайхээр сумын “Болор-3” хамтлаг, дэд байрыг Хархорин сумын “Сондор-2” хамтлаг, ахлах насны ангилалд дэд байрыг Хархорин сумын дунд сургуулийн “Сондор-1” хамтлаг тус тус эзэлжээ.
Мөн наадамд шавь нараа бэлтгэн амжилттай оролцсон “Болор” хамтлагийн бүжгийн багш Г.Энхсайханыг шилдэг багшаар шалгаруулсан байна.
Өвөрхангай Б.Батчимэг