Төв аймгийн Баянхангай сум хүүхдэд ээлтэй эрүүл орчинг бүрдүүлж үлгэр жишээ үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-04-13 12:40:09

Төв  /МОНЦАМЭ/. Францын Люксембург дэх "Падем" Олон улсын байгууллагын төслөөр Төв аймгийн Баянхангай сумын сургууль болон дотуур байр хүүхдэд ээлтэй эрүүл орчинг бүрдүүлсэн байна. Уг төслийг "Монголын багш-Эцэг эхийн холбоо" ТББ хэрэгжүүлжээ.   

Тус төсөл Төв аймагт 2 дахь удаагаа хэрэгжиж байгаа ажээ. 2016 онд Зуун мод суманд "Ирээдүй" цэцэрлэгт "Хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламж" нэртэйгээр амжилттай хэрэгжжээ.

Францын Люксембург дэх Падем Олон улсын байгууллага болон "Монголын багш-Эцэг эхийн холбоо" ТББ-аас төслийг хэрэгжүүлэхдээ "Орон нутгийн хөгжлийн сан", ИТХ, "Эцэг эхийн оролцоо"-той хамтран ажиллаж хүүхдэд ээлтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилго тавьдаг онцлогтой юм байна.

Өөрөөр хэлбэл төслийн 10 хувийг төсөл хэрэгжих тухайн орон нутгаас гаргаж, хамтран хэрэгжүүлдэг аж. 

Ингэснээр хоёр талын хяналтыг сайжруулж хамтран ажиллах итгэлцэл улам нэмэгддэг гэж үздэг байна.

Төсөл хэрэгжүүлэхэд гол тулгамдсан асуудал болох усны асуудлыг Баянхангай сумын ИТХ-аас шийдвэрлэж Хустайн байгалийн цогцолбор газрын буцалтгүй тусламж, сургуулийн төсвөөс хамтран шийджээ. Орон нутгаас усны асуудлыг шийдвэрлэж өгсөн тул ариун цэврийн байгууламжийн бохирын асуудлыг бүрэн шийдэх боломж бүрдсэн байна. Бохирыг 3 шат дамжлагаар цэвэрлэж, сааралтсан усыг хөрсөнд шингэх байдлаар шийдэж өгсөн нь тус байгууламжийн давуу тал гэнэ. 
Төслийг хэрэгжүүлэхэд эхний 2 жилийг судалгаанд зориулан 3 дахь жилдээ буюу 2018 оны 10 дугаар сарын 16-нд бүрэн ашиглалтад оруулсан байна.
Төслийн бүх үед шатанд иргэдийн оролцоог хангаж хамтын оролцоотойгоор  хэрэгжүүлжээ.
Өнөөдөр тус байгууламжийн үйл ажиллагаатай Төв аймгийн сумдын сургуулийн захирал, дотуур байрны багш нар танилцаж, туршлага судалсан юм. Энэ үеэр төслийг хэрэгжүүлсэн ТББ-ын зүгээс төслийн давуу тал, түүнийг зөв зохистой хэрэгжүүлэх талаар сумдаас ирсэн 50 гаруй хүнд сургалт мэдээлэл өгсөн юм.
Баянхангай суманд хэрэгжсэн "Хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламж" төслийн талаарх төсөл гүйцэтгэгч болон төслийг санаачлагч байгууллага, уг төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан аймгийн сургуулиудын удирдлагуудын сэтгэгдлийг сонслоо.

-"Монголын багш-Эцэг эхийн холбоо"-ны тэргүүн А.Отгончимэг 
Сургуулийн орчин, дотуур байр гэр шиг нь тохилог байх нөхцөл бүрдүүлэх нь манай ТББ-ын эн тэргүүний зорилго. Монгол Улсын хэмжээнд тэгш эрхийг хангах зорилгоор төсөл хэрэгжүүлэхдээ чанарын судалгааг чухалчилж, ус ариун цэврийн байгууламжийн жишиг стандартыг мөрдөж ажиллалаа.
Төслөө чанартай хэрэгжүүлэхийн тулд хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид багш, эцэг эхчүүдээс тандалт судалгаа авсан. Судалгааны явцад дотуур байранд амьдардаг хүүхдүүд шөнө орой гарч бие засахад их айдаг, ганц модон бие засах газартай тул дугаарлаад хичээлээсээ хоцордог, шөнө орой бие засах газрын гаднах орчин бохир үнэртэй байдаг зэрэг асуудал ярьсан бол багш, ажилчид олон удаа гарч бие засахаас төвөгшөөж уух шингэний хэрэглээгээ багасгадаг гэж судалгааны явцад ярьсан байна.
Дээр дурдсан асуудлуудыг шийдэх гарц нь "Хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламж"-ийн асуудал гэж үзэж энэ төслөө Баянхангай суманд хэрэгжүүллээ хэмээн ярилаа.

-"Монголын багш-Эцэг эхийн холбоо"-ны гүйцэтгэх захирал Л.Ариунзул
Манай ТББ-ын нэг онцлог ариун цэврийн өрөөг зөв боловсон хэрэглэж хэвшүүлэхийн тулд эцэг эх, багш сурагчдыг оролцуулсан ариун цэврийн өрөөг зөв ашиглах заавар зөвлөмж, сургалт явуулдаг. Сургалтын ач холбогдол хүүхдүүд ариун цэврийн өрөөг зөв боловсон ашиглаж хэвшүүлж, дадал болгох нь хамгийн чухал байгаа юм.
Хүүхдэд эрүүл мэндийн боловсролыг зөв олгосноор өөрсдийн хэрэглэж байгаа эд зүйлд хандах хандлагыг зөв төлөвшүүлэх ач холбогдолтой гэв.
Хүүхдийн хэрэгцээ, нас биеийн онцлог, нурууны өндөр намд тохирсон ариун цэврийн өрөөг стандартын дагуу хийсэн. Үүнд манай төслийн ач холбогдол оршиж байгаа юм.
Үүнээс гадна сургуулийн 1 давхарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон бусад хүмүүст зориулж тусад нь ариун цэврийн өрөөг стандартын дагуу хийж өглөө. Энэ нь өндөр настан болон гэмтэж бэртсэн хүмүүс ашиглахад тохиромжтойггоор хийсэн гэлээ.
Ариун цэврийн өрөөг зөв боловсон хэрэглэж дадуулахын тулд  ариун цэврийн цаас болон гарын саванг тогтмол байлгах, ариун цэврийн өрөөг хүүхдийн оролцоотой цэвэрлэх хэрэгтэй гэж үздэг. Ингэснээр хүүхэд өөрийн эдэлж хэрэглэдэг зүйлд ариг гамтай хандаж зөв хэрэглэх дадал суудаг гэж тус төслийг хэрэгжүүлэгч ТББ-ын гүйцэтгэх захирал Ариунзул сургалтын үеэр онцоллоо.

"Хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламж"-тай газар дээр нь танилцсан зарим сургуулийн захирлын сэтгэгдлийг сонслоо.
-Төв аймгийн Аргалант сумын арван жилийн сургуулийн захирал Б.Бадамцэцэг
Энэ төслийг анх манай сургууль дээр хэрэгжүүлэх санал тавьж "Монголын багш-Эцэг эхийн холбоо"-ны тэргүүн А.Отгончимэг ирсэн юм. Бид тэр үед тухайн саналыг хүлээж аваагүй юм. 
Өнөөдөр Баянхангай сумын цэвэрлэх байгууламжтай танилцаад 3 шатлалт бохирын асуудлыг шийдсэн байгууламж зөв шийдэл болсон байна. Дотуур байрны халуун усны өрөөг дотуур байрандаа  хэрэгжүүлэх санаа авлаа.

-Төв аймгийн Заамар сумын сургуулийн захирал Д.Өлзийбаяр
Өнөөдрийн туршлага судлах, сургалт танилцуулга их үр дүнтэй өгөөжтэй байлаа. 2019 онд сургуулийн засвар үйлчилгээнд зориулж 75 сая төгрөгийг төсвөөс шийдэж өгч байгаа. Энэ хөрөнгийг ИТХ болон бусад эрх бүхий байгууллагатай хамтран шийдэж бохир усны ариун цэврийн байгууламж барихад зориулах нь зүйтэй гэж шийдлээ. Ингэснээр хүүхэд эрүүл орчинд таатай суралцах боломж бүрдэх юм байна гэж ойлголоо. Энэ төслийн зорилго, шийдэл нь хөдөө орон нутагт үр өгөөжтэй сайн туршлага болж байна гэсэн юм.

-Төв аймгийн Эрдэнэ сумын сургуулийн захирал Хосбаяр 
Манайх сургуулийн шинэ байртай, сургуулийн дотор боловсон бие засах газар бий боловч хүүхдийн насны онцлог, нурууны өндөрт тохирсон яг Баянхангай сумын ариун цэврийн өрөө шиг ялгаатай хийгээгүй.
Үүнээс гадна бохир усны байгууламж байгаа боловч сар болгон бохироо соруулж зөөдөг. Бохирын зардалд сардаа 1 сая нэг зуун мянган төгрөг зарцуулдаг зарлага ихтэй хийсэн гэлээ.
Өнөөдөр Баянхангай сумын ариун цэврийн байгууламжтай танилцлаа. Төслийн баг бохир усны асуудлыг байгальд ээлтэй зөв шийдэж өгсөн нь авууштай санаа байна.
Анхнаас нь барилгын төсөвт бохир усны байгууламжийг зөв шийдэж суулгаж өгөх хэрэгтэй юм байна гэв.

"Падем" Олон Улсын байгууллагын төслийн техникийн зөвлөх Кевин Махетай хэдэн хором уулзаж ярилцлаа.
- Танай байгууллагын ижил төстэй байгууллагаас ялгарах онцлог давуу тал юу вэ? 
Францын "Падем" Олон улсын байгууллага нь дэлхийн 13 улс оронд үйл ажиллагаа явуулдаг. Бидний төслийн гол зорилго нь хөдөө орон нутагт хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламжийг сургуулийн хичээлийн болон дотуур байранд бий болгож баталгаат ариун цэврийн байгууламж барьж, хөрсний экологийн орчныг хамгаалах, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсроход хувь нэмрээ оруулахад чиглэгддэг.  
Дэлхий дээр 2,4 тэрбум хүн сайжруулаагүй бие засах газар хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Үүнээс үүдэн өдөр бүр 1000 орчим хүүхэд суулгац өвчнөөр хорвоог орхиж, ялгаатай хэрэгцээ бүхий олон мянган охид, хөвгүүд сайжруулаагүй ариун цэврийн байгууламжаас болж суралцаж чадахгүйд хүрдэг гэсэн тоо баримт байна. 
Монголын малчин өрхийн хүүхдүүд дотуур байранд амьдарч, тэдний эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох асуудал, ариун цэврийн өрөө нь наад захын стандарт шаардлага хангахгүй, хүүхдүүд сурах эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгаа нь харагдсан. Энэ бүхэн нь манай төсөл хэрэгжих шалтгаан болсон гэж болно.

- Манай оронд хэзээнээс үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
Манай байгууллага танай оронд 2005-2020 он хүртэл төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг ТББ-ын үйл ажиллагааг дэмжин төсөл хэрэгжүүлдэг юм. 2018 оноос АНУ-ын тэтгэлэг санхүүжилтээр Монголын дөрвөн ТББ-тай хамтран төсөл хэрэгжүүлж байна. Төслийн зорилго хөгжлийн бэрхшээлтэй иргэнд амьдрах орчныг тав тухтай болгох зорилгын үүднээс орон гэрт нь шаардлагатай бүхий л асуудлыг цогцоор шийдэх төсөл хэрэгжүүлээд явж байна. Төв аймгийн Баянхангай суманд хэрэгжүүлсэн "Хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламж" төслийн хувьд туршилтын төсөл гэж болно. "Падем" Олон улсын байгууллагын үйл ажиллагаа нь санхүүжүүлэгч байгууллагыг төсөл хэрэгжүүлэгч зорилтот бүлгийн ТББ-д холбож өгдгөөрөө онцлогтой гэлээ.

-Танай байгууллага тэгш байдлыг хангаж ажилладаг гэлээ. Энэ нь юу гэсэн үг вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд адил тэгш байдалд сурч боловсроход нь тэдний нийгмийн асуудлыг шийдэж өгөх нь бидний зорилго. "Падем" Олон улсын байгууллага нь аливаа төслийг хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн оролцоотой хамтран ажилладаг. Үүний гол зорилго нь бусад ижил төстэй байгууллага уг төслийг өөрийн орон нутагт хэрэгжүүлэх санаа авбал тухайн төсөл хэрэгжүүлсэн байгууллага өөрийн туршлагаас хуваалцаж, дараагийн байгууллага хэрэгжүүлэхэд бид тусалдаг гэж ойлгож болно. Тухайн орон нутагт байгаа асуудлыг шийдээд гарах гарцыг олж өгөх нь бидний зорилго юм гэв. Тухайн төсөл хэрэгжсэн байгууллага өөрсдийгөө аваад явах тогтвортой байдлыг хангах нь бидний үүрэг.

-Монголд хүүхдэд ээлтэй ариун цэврийн байгууламж барихад бэрхшээлтэй тал байсан уу?
Монголын нөхцөлд ариун цэврийн байгууламж барихад цаг агаарын нөхцөл ихээхэн нөлөөлдөг нь ажиглагдсан. Тиймээс бохир усны байгууламжийн асуудлыг шийдэхдээ дулаалгын асуудалд анхаарах шаардлагатай юм байна гэдгийг мэдсэн.
Баянхангай суманд хэрэгжүүлсэн шиг "Хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламж" барихаар шийдсэн бол манай байгууллага техникийн зөвлөгөө, зураг төсөл дээр туслахад бэлэн байгаа гэдгийг дуулгая гэсэн юм.

-Төв аймгийн БСУГ-ын дотуур байр хариуцсан мэргэжилтэн Ш.Эрдэнэчулуун
Францын "Падем" Олон улсын байгууллага болон "Монголын Багш-Эцэг эхийн оролцоо" ТББ хамтран хэрэгжүүлж байгаа "Хүүхдэд ээлтэй-Эрүүл аюулгүй орчин" төслийн санхүүжилтээр манай аймагт нийт З10 сая төгрөгийн хөрөнгөөр 2 төсөл хэрэгжүүллээ.
Энэ нь манай аймгийн хөдөө орон нутгийн сурагчдын сурч боловсроход оруулсан маш чухал хувь нэмэр боллоо. Өнөөдөр тус суманд манай аймгийн бүх сургуулийн төлөөлөл ирж "Ариун цэврийн цэвэрлэх байгууламж"-тай танилцлаа. Энэ нь тус сумдад сурагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрахад тулгамдсан зарим нэг асуудлаа шийдэх гарцаа хайж олсон чухал сургалт, уулзалт боллоо хэмээн дүгнэж байна гэв.

- Төв аймгийн Баян хангай сумын сургуулийн захирал Б.Дуламжав
Баянхангай сумын дунд сургуульд 220 гаруй хүүхэд суралцдаг. Боловсон ариун цэврийн өрөө байдаггүй нь сургуулийн хувьд тулгамдсан асуудал байсан. Төсөл манай суманд хэрэгжснээр багш, сурагчид хамт олон эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдсэнд баяртай байна.
Дотуур байранд ариун цэврийн асуудлыг иж бүрэн шийдэж өгснөөр малчдын хүүхдүүд усанд орох, хувцсаа угаах, боловсон бие засах газартай болсон зэрэг нь сурагчид таатай орчинд сурах боломж хангагдсан гэж болно.

-Төслийн нэг онцлог эцэг эхийн оролцоог чухалчлан яриад байгаа. Эцэг эхийн оролцоо хэрхэн илрэн гарч байгаа вэ?
"Монголын Багш-Эцэг эхийн оролцоо" ТББ-аас төсөл хэрэгжих явцад ариун цэврийн өрөөг хэрхэн зөв зохистой ашиглах, зөв дадлыг яаж хэвшүүлэх вэ? гэсэн сургалтыг эцэг эх, сурагчид, багш нарын дунд явуулсан. Сургалтаар төслийн үйл явц бусад зүйлсийн талаар бидний дунд үл ойлголцол бэрхшээл гараагүй.
Эцэг эхчүүд дотуур байр болон сургуульд хэрэглэх ариун цэврийн цаас болон ариун цэврийн бусад хэрэглээг нь хангаж өгч оролцож байгаа юм. Жилдээ нэг эцэг эхээс 4000-5000 төгрөгийн зарлага гарч байгаа. Үүний үр дүнд сурагчдын ариун цэврийн хэрэглээ бүрэн хангагдаж, эрүүл таатай орчинд сурах амьдрах нөхцөл бүрэн хангагдаад байна хэмээн ярилаа.
Хөдөө орон нутгийн хүүхдүүд жилийн 10 сард нь дотуур байранд амьдарч, хичээл сургуулийн үйл ажиллагаанд оролцдог. Тиймээс сурагчдын сурах боловсрох, амьдрах орчин тав тухтай, тохилог байх нь хүүхдийн эрүүл аюулгүй байдалд маш чухал асуудлуудын нэг. Энэ асуудлыг Төв аймгийн Баянхангай сум амжилттай хэрэгжүүлж бусад суманд үлгэр жишээ болж байна.




相关新闻