“Дайчин туг”-ийн аяллын уулзалт Сэлэнгэ аймгаас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-10 16:33:23

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Халх голын байлдаанд оролцсон нэгтгэл ангиудын “Дайчин туг”-ийн аяллын уулзалт Сэлэнгэ аймгаас эхэллээ. 

Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсын 21 аймгийг дамжин аялж, халх голын ялалтын түүхэн үйл явдлыг иргэд олон нийт, хүүхэд багачууд, хойч үедээ сурталчлан таниулах зорилго бүхий энэхүү аяллын эхний гараа ийн хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгаас эхэлж байгаа ажээ.

Уулзалтын эхэнд Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын тайзан дээр байлдаанд оролцсон анги нэгтгэлүүдийн тугийг залж хүндэтгэл үзүүллээ. Халх голын дайн бол хамгийн бага талбайд хамгийн их зэвсэг, техникийн хүчээр тулалдсан, дэлхийн хоёрдугаар дайны эхлэл болсон түүхэн том дайн байсан хэмээн хошууч Т.Сүхбаатар уулзалтын эхэнд онцлон тэмдэглэлээ. Мөн дайны хор уршгаар Зөвлөлтийн 9200, Монголын 990, Японы 18000 хүн амь үрэгдсэн түүхэн үнэн энд буй аж. Иймээс эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тулалдаж амь насаа өргөсөн баатарлаг дайчдаа мартах учиргүй. Гавьяат үйлсийг нь хойч үедээ дамжуулан түгээж мөнхөд бахархан санан, хойч үедээ мартаж болохгүй зүйл байдаг юм шүү гэдгийг сануулах зорилгоор энэхүү туг аялалдаа гарчээ.

Тус үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмадын хорооны дарга, бэлтгэл хошууч генерал Д.Бадам, Батлан хамгаалах яамны ахмадын хорооны ажилтан бэлтгэл дэд хурандаа Г.Батмөнх, Сүхбаатар сумын иргэн ахмад дайчин Г.Дашхүү, Улаанбаатар төмөр замын ахмадын холбооны гүйцэтгэх захирал Н.Жанчив, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач хошууч Т.Сүхбаатар нарын албаны хүмүүс, ахмад дайчид, хүчний байгууллагын офицер, ахлагч, алба хаагчид, иргэд оролцлоо. 

相关新闻