Багш нар 419 төрлийн ажил хийдэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, тоймчидтой уулзаж, боловсролын салбар тойрсон асуудлуудаар мэдээлэл өглөө.
Бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулгад
тандалт хийж, багш, сурагчийн ачааллыг бууруулж, сургалтын зохион байгуулалтыг
боловсронгуй болгох боломжийг судалж, санал зөвлөмж боловсруулах үүрэг бүхий “Үндэсний
баг”-ийг БСШУС-ын сайдын 2019 оны А/293
дугаар тушаалаар байгуулсан.
Багш сурагчдын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд хийсэн
судалгааны үр дүнд багш нар үндсэн ажлаасаа гадна олимпиадад бэлтгэх, зохион байгуулах, аймаг, сумын
удирдлагын илтгэл бэлтгэх, алдаа засах, тайлан мэдээ гаргах зэрэг бичиг цаасны
ажлаа жагсаахад 419 төрлийн ажлын жагсаалт гарчээ. Багш үндсэн ажлаасаа давсан нэмэлт ажил гүйцэтгэж байгаа
нь хүүхдэд танхимаар олгох мэдлэгээ бүрэн олгож чадалгүй, бие даалт, гэрийн
даалгавар болгон олгож, сурагчдын ачааллыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж
байна гэсэн дүгнэлтийг Үндэсний багт ажилласан багш нар гаргажээ.
Тиймээс бага ангийн багшийн хичээл заах төлөвлөгөөт цагийг
17 цаг болгох (2 цагийг хүүхдийн хөгжилд зарцуулах), тусгай
сургуулийн багшийн ачааллыг бага ангийн багшийн ачаалалтай адил болгох, багшийг
төлөвлөгөөт бус, элдэв ажилд хүчээр татан оролцуулахгүй байх эрх зүйн
зохицуулалт хийхээр төлөвлөж байгаагаа сайд танилцууллаа.
Мөн
сургалтын Цөм хөтөлбөрийн агуулга нь жигд биш, зарим ангид ачаалал хэт өндөр,
агуулга давхардсан байна. Тухайлбал, Суурь боловсролын газарзүй, мэдээллийн
технологи, дүрслэх урлаг, 9 дүгээр ангийн химийн агуулга их, цагтаа багтдаггүй
байна. Иймд Цөм хөтөлбөрийн агуулгын 10 хувьд тохиргоо хийхээр Боловсролын хүрээлэнгийн
эрдэмтэн судлаачид ажиллаж байна. Ирэх есдүгээр сарын 1 гэхэд багш, сурагчдын
ачаалал тодорхой хувиар буурна гэв.
Сургалтын цагаар эзэмшиж буй мэдлэг, чадвар, хандлагыг дэмжихүйц чанартай сургалт явуулах, сургалтын төлөвлөгөөнд тусгаагүй өөр ажлыг хориглох, нэмэлт, ном, гарын авлагыг хэрэглэж сурагчдад ачаалал нэмэхгүй
байхаар зохицуулах шаардлагатай нь харагджээ.