Ерөөгийн иргэдийн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнгөрсөн баасан гарагт Ерөө суманд ажиллаж, тус сумын ард иргэдтэй уулзан тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Тэрээр иргэдтэй
уулзах үеэрээ “Би танай сумын хувьд хамгийн тулгамдсан цэцэрлэгийн асуудлыг
газар дээр нь үзэж шийдвэрлэхээр, мөн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь
сонсохоор ирлээ” хэмээн уулзалтынхаа эхэнд хэлсэн юм. Тэрээр нэн түрүүнд Ерөө сумын ирээдүй болсон хүүхэд багачууд, эцэг
эхчүүдийн эрх ашгийн үүднээс 100 хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон. Мөн тус сумын
төр төсвийн байгууллагуудыг нэгдсэн халаалттай болгох инженерийн шугамын
төсвийг 2020 оны төсөвт суулгаж өгнө гэдгээ ч амалсан. Түүнчлэн гэр цэцэрлэгийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа зургаан гэрийн асуудлыг ч мөн шийдвэрлэжээ.
Ерөө сумын иргэд аймгийн даргатай уулзах үеэр маш олон саналыг бичгээр өгсөнийг аймгийн дарга дор бүр нь хариулт өгч байв. Ирсэн асуултын ихэнх нь цэцэрлэгийн асуудал байв. Мөн бичил уурхай эрхлэгчдийн асуудал бас хөндөгдлөө. Энэ талаар аймгаас дэмжиж байгаа. Хааж боох ямар нэг асуудал байхгүй гэдгээ тэрээр илэрхийлээд хамгийн гол нь хуулийн хүрээнд ажиллах ёстой шүү хэмээн анхааруулж байв.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хувьд хүүхдийн цэцэрлэгийн асуудал
хамгийн тулгамдсан зүйл болоод байна. Тус сумын цэцэрлэгийг 1950-аад онд барьжээ. Энэхүү барилга
хуучирч муудан цууралт үүсч, ан цав гаран суулт өгсөн учраас аймгийн МХГ-аас сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахгүй байх дүгнэлтийг гаргасан
байна. Сум орон нутгийн зүгээс
өөрсдийн хүч хөрөнгөөр цэцэрлэгийн барилгадаа засвар хийж, 2009 онд өргөтгөл
барьсан боловч өргөтгөл хийсэн компанийн зүгээс хангалтгүй ажиллаж, мөн л
ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Гэсэн
хэдий ч сумын хувьд цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр нийтийн орон
сууцны таван давхар байрны нэг давхарт, стандартын бус орчинд цэцэрлэгийн үйл
ажиллагааг явуулж байгаа аж. Мөн хуучин цэцэрлэгийнхээ өргөтгөлийг бүрмөсөн
хааж, гайгүй гэсэн гурван ангидаа хүүхдүүдээ хуваан эрсдэлтэй орчинд хичээллүүлж
байлаа. Өнөөдрийн
байдлаар эдгээр ангид нийт 196 хүүхэд хүмүүжиж байгаа ажээ.