Европт царцаасан хөрөнгийг буцаан татахаар өмгөөлөгч хөлсөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-04 12:17:51

МОСКВА. /RT/. Венесуэлийн эрх баригчид Европт царцаасан хөрөнгө болон Английн банкны хураан авсан алтыг буцаан татахын тулд өмгөөлөгч хөлслөн авжээ. Энэ тухай Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Дельси Родригес RT” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.


“Европт манай данснуудыг царцаасан асуудалтай холбогдуулан бид хэдийнээ хуулийн хүрээнд арга хэмжээ авч, ашиг сонирхлоо хамгаалахын тулд өмгөөлөгч хөлслөн авсан. Үүнд Английн банкны хураан авсан алтны асуудал хамаарна” хэмээн тэрбээр ярьсан байна.


Английн банканд хадгалагдаж буй Венесуэлийн алтыг буцаан олгохгүй байх шийдвэрийг тус банк гаргасан тухай “Bloomberg” агентлаг өмнө нь мэдээлсэн юм. Буцаан олгохгүй байх шийдвэр нь АНУ-ын хэд хэдэн албаны хүмүүс тэр дундаа Америкийн төрийн тэргүүний Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон, Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нарын хүсэлттэй холбоотой юм хэмээн тус агентлаг мэдээлжээ.


Хожим нь алтыг одоогийн Засгийн газарт буцаан олгохгүй байхыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Английн банкны тэргүүн Марк Карни, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нарт хандан хүссэн нь тодорхой болсон байна. Их Британийн эрх баригчдад илгээсэн захидалдаа тэрбээр, Н.Мадурогийн Засгийн газар алтыг худалдах болон хөрөнгийг Венесуэлийн ард иргэдийн эсрэг үзүүлэх шахалтаа чангатгах зорилгоор ашиглах бодолтой байна гэж тэмдэглэжээ. 

相关新闻