Мал төлөлт 0,8 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд мал төлөлт 0,8 хувьтай байна. Өнгөрсөн оны жилийн эцсээр тоолуулсан нэг сая 150 мянган хээлтэгчээс 2 сарын 26-ны байдлаар 9623 хээлтэгч төллөж, ботго 122, унага 1, тугал 14, хурга 8048, ишиг 1438 гарч, гарсан төл 100 хувь бойжиж байна.
Аймгийн нийт нутгаар хаваржилт хэвийн, төвийн болон хойд талын сумдаар бага зэрэг цасан бүрхүүлтэй бэлчээрийн 70 хувь нь өвстэй, 30 хувь нь дунд зэрэг байгаа юм. Аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай сайхан хаваржиж байна.
Аймгийн ХХААГ-ын мэдээлж байгаагаар өөр аймгийн буюу Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймгийн нутагт 20 өрхийн 9,5 мян толгой мал, өөрийн аймгийн бусад сумдад 54 өрхийн 27,9 мян толгой мал отроор өвөлжөөд, хаваржиж байгаа аж.
Өвс, тэжээлийн нөөцийн хувьд аймгийн аюулгүйн нөөцөд 100 тн өвс, 100 тн /75 тн хорголжин, 25 тн хивгэн/ тэжээлийн нөөцтэй, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээл багасч байна. Аймгийн нөөцийн 1 боодол өвс нь 10,000 төгрөг, 1 шуудай хорголжин тэжээл 27,000 төгрөг, 1 шуудай хивгэн тэжээл 13,000 төгрөгөөр худалдан борлуулж байна.
Аймгийн хэмжээнд
бэлчээрт 4735 худаг ашиглалтанд байгаагаас нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулсан 96 худаг байна. Аймгийн нийт бэлчээрийн 48.5 хувь нь усжуулагджээ.