“Сонгодог Урлаг-III” дэд хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. “Сонгодог Урлаг-III” дэд хөтөлбөрийг боловсруулахдаа аймгийн 87 байгууллагын 129 саналыг үндэслэн хөтөлбөрт тусгажээ. Тус хөтөлбөрийг өнөөдөр хуралдсан аймгийн ИХТ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталжээ.
Хөтөлбөрийг боловсруулахад Монгол туургатан театр, нийтийн номын сан, музей, 26 сумын соёлын төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага санаачлагатай хариуцлагатай оролцож, өөр өөрсдийн хамрах ажлын хүрээнд саналаа өгч оролцсон байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2002-2008 онд “Сонгодог урлаг-I”, 2011-2016 онд “Сонгодог урлаг-II” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, үр дүнд нь бий болсон ололт, амжилтыг бататгаж, сонгодог урлагийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх, салбар хоорондын үр дүнд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлж сонгодог урлагийн тогтвортой хөгжлийг хангахад “Сонгодог Урлаг-III” хөтөлбөр чиглэж байгаа ажээ.
Орчин үед хүмүүсийн хандлага “Сонгодог
урлаг”-ийг илүү сонирхож үзэх болсон нь судалгаагаар батлагджээ. Эцэг эхчүүд
хүүхдүүдээ хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцуулахдаа балет, хийл, төгөлдөр хуур, морин хийл хөгжим, дуулаачийн дугуйланд сонгон
хичээллүүлэх болжээ. Мөн насанд хүрэгчид, үзэгчид дуурь, бүжгийн жүжиг,
сонгодог хөгжмийн тоглолтуудыг ихээхэн сонирхон үзэх болсон байна.
Тиймээс мэргэжлийн урлагийн байгууллага болон төв суурин газарт тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх бус орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллах боломж нөхцлийг бүрдүүлэх нь цаг үеийн шаардлагаар урган гарч байна гэж үзэж байгаа аж.
Хөтөлбөрийн хүрээнд соёл урлагаар дамжуулан хүүхэд, залуучуудад гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, сонгодог урлаг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, сургалтын тогтолцоог боловсронгуй болгож, сонгодог урлагийг иргэдийн хүртээл болгох ажлуудыг хийхээр төлөвлөжээ.