Томуугийн дэгдэлтийн улмаас сургуулийн амралтыг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-01-18 12:58:06

Өмнөговь /МОНЦАМЭ/ Ханиад томуугийн дэгдэлтийн улмаас Өмнөговь аймагт сургуулийн сурагчдын амралтыг ирэх сарын найман хүртэл сунгалаа.

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 318, үүнээс амьсгалын замын цочмог халдварт өвчний улмаас хэвтэн эмчлүүлж буй өвчтөн 15 хувийг эзэлж байна. Томуугийн нийт өвчлөлийн 56.4 хувийг 0-4 насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа аж. Томуугийн дуудлага нийт дуудлагын 43,6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийнхоос 16,8 хувиар нэмэгдсэн байна.

Дээрх байдлаас харахад томуугийн дэгдэлт нь бага насны хүүхэд буюу 0-1 нас, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд илүү тархсан, хүндрэл ихтэй, эдгэрэлт удаан, дахих хандлагатай байна. Томуу,  томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.


相关新闻