“Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургууль” хөтөлбөр дөрөвдүгээр сургуульд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-11 11:58:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/Арвайхээр сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургууль” болгохоор сонгон авлаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын сурагчдын холбооноос Үндэсний хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 31 сургууль дээр хэрэгжүүлэх жишиг хөтөлбөрт багтсанаар хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, бие даасан зөв хүмүүжилтэй, үзэл бодлоо илэрхийлэх чадвартай иргэн болгон төлөвшүүлж, хүүхдийн эрхийн зөрчил буурах, бодит нөхцөл бүрдэх юм.

Жишиг сургууль шалгаруулахын тулд аймгийн БСУГ, ГБХЗХГ-аас томилогдсон ажлын хэсэг 7 бүлэг 50 асуумж бүхий судалгааг сургуулиудаас авч, хүний нөөц, сурагчдын хамрагдалт, хүүхэд хүмүүжлийн эерэг хандлага арга зүйг нэвтрүүлж буй байдал, сургуулийн орчин эрүүл ахуй, гадаад орчин, хүүхэд хамгааллын үйлчилгээ зэргийг харгалзан үзжээ. Дөрөвдүгээр сургуульд ойролцоох сумдын малчдын хүүхдүүд ихэвчлэн сурдаг бөгөөд “тавиул” гэж нэрлэгддэг эдгээр хүүхдүүдийн дунд гэмт хэрэгт өртөх, хохирох, үе тэнгийн дарамт шахалтад орох, хичээл завсардах асуудал багагүй гардаг байна.

Тэгвэл дээрх хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль”-иудын хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын тогтолцоог бусад салбаруудын оролцоотоотойгоор бэхжүүлэн ЕБС-иудын сургалтын хөтөлбөр, орчин нөхцөлтэй уялдуулан хэрэгжүүлснээр тодорхой асуудлыг шийдвэрлэж чадна хэмээн үзэж байна.

Б.Батчимэг

相关新闻