Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн БОЭТ-ийг эмч, мэргэижлтнүүдийн хүрэлцээ, хангамж муугаас эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаргүй хүргэж байна гэх гомдол багагүй гардаг.
Тус аймагт 2015 онд их эмч 26, сувилагч тусгай мэргэжилтэн 22, нийт 48 эмч, мэргэжилтэн шинээр төгсөж ирснээс БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт 14, сум, өрхийн ЭМТ-д 34 эмч мэргэжилтэнг томилон ажиллуулж байна. Хөдөө суманд ажиллаж байгаа 9 их эмчтэй аймгийн ЭМГ-аас 2-3 жил ажиллуулах гэрээ байгуулан байр орон сууцаар хангаж, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлжээ.
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогод төлөвлөсний дагуу 2016 онд 13 их эмчийг шинээр авч ажиллуулах, 27 эмч мэргэжилтнийг төгсөлтийн дараах сургалтанд хамруулж, мэргэшүүлэхээр төлөвлөөд байна. “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж, бэхжүүлэх нь манай салбарын хөгжлийн голтулгуур болох учраас тэнд ажиллах эмч нарын тоог нэмэгдүүлэн, сумдын ЭМТ-д 3-аас доошгүй их эмч ажиллахаар орон тоог баталсан” хэмээг ЭМГ-ын дарга Ч.Сэрчмаа хэллээ.
Өвөрхангай Б.Батчимэг