“Залуус” эмнэлэг өрхийн эрүүл мэндийн төвөөр шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын хүн ам нэмэгдсэнээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн тоо хүрэлцэхгүйд хүрч байна.
Тиймээс нэг өрхийн эмнэлгийг шинээр байгуулах шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргаж, Эрүүл мэндийн газраас Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн сонгон шалгаруулалтыг зарласан билээ. Тендэрт Засгийн газрын 2011 оны 364 дүгээр тогтоолоор батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 4,5,6 дахь заалтын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх үндсэн чиг үүргийг бүрэн хангасан, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээтэй, мэргэжлийн чадварлаг бага бүрэлдэхүүн оролцохыг заасан бөгөөд Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн “Залуус” эмнэлэг хангалттай үнэлгээ авч тэнцсэн байна.
Тус эмнэлэг Арвайхээр сумын жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналт, дархлаажуулалтын асуудлыг хариуцан ажиллахаар болжээ.
Арвайхээр сум нь одоогоор өрхийн 5 эмнэлэгтэй. Хууль, дүрмээр нэг эмчид 1800-2000 хүн ноогдох ёстой бол дээрх таван өрхийн эмнэлгийн нэг эмчид 2020-2280 хүн, нэг сувилагчид 900-1000 хүн ноогдох ёстойгоос 1649-2525 хүн үзүүлж байгаа нь өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачааллыг ихэсгэж тэр хэрээр тусламж үйлчилгээний чанарыг бууруулж байна хэмээн үзэж байгаа юм.
Өвөрхангай Б.Батчимэг