Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Арвайхээр сумаас ногоон байгууламж бий болгох хэсэгчилсэн төлөвлөгөөг 2016-2026 он хүртэл боловсруулаад байна. Арвайхээр хот нь Өвөрхангай аймгийн төв бөгөөд түр оршин суугчидтайгаа нийлээд 35000 хүн амтай, нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 17303 га, үүнээс суурингийн газар нь 4907.1 га юм.
Дээрх га талбайгаас одоогийн байдлаар ногоон байгууламж, цэцэрлэгжүүлсэн талбайтай хэсэг нь маш бага буюу 40.2 га байна. Олон улсын жишгээр төв суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 25-30 ам метр байдаг бол Арвайхээр хотод нэг хүнд 10.2 ам метр ноогдож байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт хэмээн үзэж байгаа юм. Мөн Арвайхээр хотын агаарын бохирдлын хэмжээ сүүлийн жилүүдэд гамшгийн хэмжээнд хүрээд байгаа бөгөөд 2014 онд гаргасан мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзэхэд Агаарын чанарын стандартаас 1-5.6 дахин давж, жилд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 35-40 хувиар, азотын давхар исэлийн дундаж агууламж 15-20 хувиар ихсэж байгаа аж.
Агаарын бохирдлыг бууруулахад хамгийн ихээр нөлөөлөх гол хүчин зүйл бол “хотын уушиг” гэгдэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал юм.
Тиймээс баригдах барилга байгууламж, хүн амын тоо өсөх хандлагыг тооцож, хотын бичил уур амьсгалын зохистой харьцааг алдагдуулахгүй байх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, агаарын бохирдлыг багасгах зорилгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэн нийт суурьшлын хэсгийн 25-30 хувьд хүргэж цэцэрлэгжүүлэх зорил тавиад байна.
Өвөрхангай Б.Батчимэг