“Байер”-ын хожигдолгүй цуврал үргэлжилсээр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-19 14:00:02

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /РИА НОВОСТИ/. Германы Леверкузен хотын “Байер” баг Европын Лигийн ¼ -ийн хасагдах шатны хариу тоглолтод Английн “Уэст Хэм”-тэй тэнцсэнээр Европын клубуудын дунд зохиогддог хоёр дахь том тэмцээний хагас шигшээд үлдлээ.


Англичуудтай хийх хоёрдахь тоглолтын өмнө “Байер”-ын хөлбөмбөгчид сэтгэл зүйн хувьд үнэхээрийн өөдрөг байлаа, учир нь Хаби Алонсогийн багийнхан “Вердер”-ийг 5:0 -ээр “арчаад өнгөрсөн” төдийгүй “Бавария”-гийн 11 жилийн давамгайллыг зогсоож, түүхэндээ анх удаа Германы аварга боллоо.  


"Неверкузен" гэдэг хоч ард үлдэж, байерчууд Бундеслигт аваргалсан төдийгүй Германы цом, Европын Лигийн цомын төлөө өрсөлдөж байна.


Талбайдаа 2:0-ээр англичуудыг хожсон тэд Лондонд болсон хариу тоглолтод “яасан ч хожигдож болохгүй” гэсэн зорилгыг өмнөө тавьжээ. Тоглолтын 13 дахь минутад Майкл Антонио “Байер”-ын хаалганд гоол оруулсан боловч үүнээс хойш германчууд ямар ч алдаа гаргасангүй. Улмаар тоглолтын төгсгөлд Жереми Фримпонг ойж ирсэн бөмбөгийг хаалганд оруулснаар багийнхаа хожигдолгүй гайхамшигт цувралыг үргэлжлүүллээ.


Өнөөдөр Х.Алонсогийн баг дараалсан 44 удаагийн тоглолтод хожигдоогүй гэсэн үзүүлэлтээр Европын топ-10 лигийн багуудыг тэргүүлж эхэллээ. Өмнө нь Италийн "Ювентус" баг дараалсан 43 тоглолтод ялагдал амсаагүй байсан юм. 

 

 

Холбоотой мэдээ