Э.Мөнхзул: Мэргэжлийн хөгжлийн бүлэг байгуулснаар сурагчдын сурлагын амжилт 10,5 хувиар нэмэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-11 14:41:07
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал сургууль, Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш нар “Мэргэжлийн хөгжлийн бүлэг” байгуулж сурагчдыг хөгжүүлж байна. “Мэргэжлийн хөгжлийн бүлэг” байгуулснаар сургуулийн багш, сурагчид тулгамдсан асуудлаа хамтран тодорхойлж, шийдвэрлэдэг юм.


Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш нар хүүхэд бүрд ижил боломж олгох, хүүхэд бүрд шинжлэн судлах боломж олгох хоёр чиглэлээр хөгжлийн бүлэг байгуулж, сурагчдын бие даах, өөртөө итгэх, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах чадваруудыг дэмжин, багш нарын шинжлэн судлах аргыг төлөвшүүлэх зорилготой ажиллаж байгаа бол Мандал сургуулийн багш нар “Уншиж ойлгосноо ярьж илэрхийлэх”, “Хөтөлбөрийн менежмент- Интеграци хичээл”, “Гэрийн даалгаврын төлөвлөлт” гэсэн 3 бүлэг байгуулан ажилладаг.


Мэргэжлийн хөгжлийн бүлгүүдийн үйл ажиллагааны талаар Мандал сургуулийн сургалтын менежер Э.Мөнхзулаас тодруулахад: “Манай сургуулийн хувьд сургуулийн зорилго болон тэргүүлэх зорилтуудаа суралцахуйд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгүүдээр дамжуулан үр дүнтэй хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, багш бүр сургуульд суурилсан менежментийн төлөвлөлттэй уялдуулан хичээл, сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулдаг нь сайн туршлага болж байна.


Сурагчид аливаа эхийг уншиж, түүнийгээ ярьж, илэрхийлэх чадвар сул байдаг. Тиймээс монгол хэл, гадаад хэл, байгалийн ухаан, зураг зүй, технологиийн хичээлийн  багш нар хамтран “Уншиж ойлгосноо ярьж илэрхийлэх чадварыг хөгжүүлэх” мэргэжлийн хөгжлийн бүлэг байгуулж, сурагчдын уншиж ойлгосноо ярьж илэрхийлэх чадварыг ахиулах арга зүйг боловсруулан, туршин хэрэгжүүлж байна. Ингэхдээ ээлжит хичээл бүрээр энэхүү чадварыг ахиулахын тулд даалгавар боловсруулах, бүлгийн ажил зохион байгуулах зэргээр мэргэжлийн болон анги удирдсан багштай нь хамтран ажилладаг.


Энэхүү үйл ажиллагааны үр дүнд манай сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын хувьд уншиж, ойлгосноо ярьж илэрхийлэх чадвар энэ хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 1-2 түвшин ахисан байна.


“Хөтөлбөрийн менежмент- Интеграци хичээл” хөгжлийн бүлгийн хувьд 21 хичээлийн сэдвийг гаргаж, интеграци хичээлүүд зохион байгуулан, харилцан туршлага солилцож, түүнийгээ сайжруулснаар эхний хагас жилийн байдлаар сурагчдын сурлагын амжилт 10,5 хувийн ахицтай гарсан нь өмнөх оныхоос 1,5 хувиар илүү амжилт юм. “Интеграци” гэдэг нь олон төрлийн хичээлийн хөтөлбөрийг өөр хооронд нь зохицуулах гэж ойлгож болно.


Түүнээс гадна багш сурагчид тулгамддаг нэг асуудал бол хичээл бүр дээр сурагчид гэрийн даалгавраа тэмдэглэж авдаггүй, багш болгон ачааллын хувьд харилцан адилгүй даалгавар өгдөг, сурагчид даалгавраа гүйцэтгэж ирдэггүй, багш нар түүнийг нь тогтмол үнэлдэггүй гэх мэт асуудлууд байдаг. Тиймээс “Гэрийн даалгаврын төлөвлөлт” хөгжлийн бүлэг байгуулсан. Энэ хөгжлийн бүлгийн хувьд сурагчдын цагийн ачааллыг багасгаж, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх чиглэлд сурагч бүрийг гэрийн даалгавраа тогтмол, үр дүнтэй гүйцэтгэдэг болгох зорилготой.


Тухайлбал, 6-9 дүгээр ангийн сурагч бүрийг гэрийн даалгаврын нэгдсэн дэвтэртэй болгож, ингэснээр сурагчид ямар хичээл дээр ямар даалгавар хийх нь тодорхой болсон. Ямар ч байсан даалгавар тэмдэглэж аваагүй гэсэн асуудал гарахгүй боллоо. Түүх, технологи, эрүүл мэнд, зураг зүй, хөгжим гэсэн хичээлүүд дээр сард нэг удаа бүтээл хийх даалгавар өгч, гүйцэтгүүлдэг болсноор сурагчдын бүтээл хийх сэтгэлээ илүү хөгжиж байна. Юу хийх нь тодорхой, цэгцтэй болоод ирэхээр хүүхдэд чөлөөт цаг гардаг. Түүнийг нь бүтээлчээр ашиглахад чиглүүлэхээр бүтээл хийдэг болж, өв соёл, түүх, урлагт суралцдаг болж байна. Энэ бол үнэхээр үр дүнтэй ажил болж байна.” гэлээ.


“Гэрийн даалгаврын төлөвлөлт” хөгжлийн бүлгийн үйл ажиллагааны үр дүнд тус сургуулийн сурагчдын гэрийн даалгавраа хийж ирэх байдал энэ хичээлийн жилийн нэгдүгээр хагас жилийн үнэлгээгээр 10 хувийн ахиц гарчээ.  


Сайнцагаан сумын Мандал сургууль 50 багштай, 36 бүлэгт 1080 сурагч суралцдаг. Багш бүр 2-оос доошгүй хөгжлийн бүлэгт орж, хүүхдүүдээ бүх талаар хөгжүүлж, сурагчдынхаа сургалтын чанарыг ийнхүү сайжруулж байгаа юм. 

Холбоотой мэдээ