ДУНДГОВЬ: “Малчдын эрүүл мэндийг хяналтад авъя” аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-27 18:23:03
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ЗДТГ, сумын ЭМТ-өөс малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Малчдын эрүүл мэндийг хяналтад авъя” аян зохион байгуулж байна.


Тус суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч, шилэн зудын нөхцөл байдал үүссэнийг мэргэжлийн байгууллагаас тодорхойлсон. Тиймээс сумын ЗДТГ-аас “Нэг өдөр-Нэг баг” үйл ажиллагааг зохион байгуулж, малчдын гэрээр явж, байгаль цаг уурын хүндрэл, түүнээс үүссэн нөхцөл байдлыг үнэлэн хариу арга хэмжээ авах зорилгоор судалгаа авч байгаагийн зэрэгцээ  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мөн үзүүлж байна. Тус сум 7 багтай, 1122 малчин өрхийн 1931 малчинтай.


Сумын нийт малчдын хувьд эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй, малдаа илүү их анхаарал тавьж, өөрийн эрүүл мэндийг анхаарч чадахгүй байгаа, малын хорогдол гарч байгаа тул сэтгэл санааны хямралтай байгааг онцолж байна.


Малчдын дунд даралт ихсэх, зүрх дэлсэх, ханиад, үе мөч, цөс, нойр булчирхайн өвчин нийтлэг байгаа бөгөөд Цагаан-Овоо багийн 85 өрхийн 216 хүнд хийсэн үзлэгээр 33 хүнд дээрх өвчлөл илэрчээ. Багийн нийт малчдын 13 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байна.


Судалгааны урьдчилсан дүнгээр сумын нийт малчдын 90 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй байгаа тул тус сумын ЗДТГ-аас төвд амьдарч буй иргэдэд малчин ах дүү, хамаатныхаа эрүүл мэндийн даатгалыг төлөхөд нь тусалж, дэмжихийг уриалсан байна. 

Холбоотой мэдээ