БАЯН-ӨЛГИЙ: Хур тунадастай өдрийн тоо цөөрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-20 16:19:50

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар хур тунадастай өдрийн тоо бага багаар цөөрч байна.


Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга  Ш.Хавал "Эрсдэлийн үндэсний форум"-ын үеэр мэдэгдлээ.


Тодруулж хэлбэл, 2019-2023 оныг хамруулсан 5 жилийн судалгаанаас харахад 4, 5, 6, 7 дугаар сар дахь тунадастай өдрүүдийн тоо цөөрч байгаа аж. Ялангуяа 4, 6, 7 дугаар сарын хур танадастай өдрийн тоо өмнөх онуудын мөн үеийнхтэй харьцуулахад цөөрсөн үзүүлэлттэй байгаа нь цаашид аймгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, аюулт үзэгдэл өсөн нэмэгдэх эрсдэлтэйг харуулж байгаа гэв.


Тус аймгийн нутгаар 2019-2023 оны хооронд тунадастай 693 өдөр тохиолджээ. Үүнээс 2020 онд хамгийн олон буюу 193 удаа, харин 2023 онд хамгийн бага 87 удаа тохиолдсон байна.


Иймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төрийн бодлогыг орон нутагт бодитоор хэрэгжүүлэх, олон нийтийн оролцоог хангах, аймаг сумын хөгжлийн төлөвлөлтийг бэлчээрийн даац, уур амьсгалын өөрчлөлтийн мэдээлэлд үндэслэн гаргах, гол мөрний сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг шинэчлэх, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх зэрэг ажлуудыг хийх шаардлагатайг тэрбээр онцоллоо.  

Холбоотой мэдээ