СЭЛЭНГЭ: Хүннү гүрний үеийн хүний яс, адууны яс аймгийн музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-09 11:31:21

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/.  73 жилийн түүхтэй Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейг анх 1941 онд Хувьсгалын музей нэртэйгээр Алтанбулаг суманд байгуулжээ.

 



Тухайн үед их жанжин Д.Сүхбаатар үйл хэргээ явуулдаг байсан хүрэн дүнзэн байшинд үзмэрээ дэлгэн үйл ажиллагаагаа явуулж байсан байна.

 

1971 онд хуучнаар ЗХУ-ын тусламжаар барилгыг барьж өгснөөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей нь Монгол Улсад байдаг музейн зориулалттай барьсан цөөхөн музейн нэг болжээ.

 

Тус музейд өнөөдөр Хүннү гүрний үеийн хүний яс, адууны яс хадгалагдаж байна. Энэхүү түүхэн олдвор нь Дархан-Уул аймгийн Хонгор сумаас 1991 онд олджээ.

 

Энэ нь нэн эртний 2200-гаад жилийн өмнө хүннү гүрний үеийн түүх соёлын дурсгалт олдвор юм.

 

Гүннү гүрэн нь манай тооллоос 200 жилийн өмнөх үе бөгөөд одоогоос 2224 жилийн өмнөх үе юм.

 

Энэ хүний араг яс нь  40 гаруй насны 2.20 см өндөртэй, эрэгтэй хүнийх аж. Хажуудах нь түүний унаж явсан морь бөгөөд энэ хоёр олдвор хамтдаа олдсон байна.

  

Өнөөдөр тус музейд 3500 гаруй үзмэр хадгалагдаж байна. Тухайлбал байгаль экологийн, археологийн, үнэт металл үзмэрүүдээс гадна монгол нутагт хүн амьдарч байсныг гэрчлэх эртний хүний яс, Хүннүгийн үеийн булш, арслан заан, зэрлэг үхэр, савагт хирсийн яс, чулуужсан мод, чулуун болон хүрэл зэвсэг, 13-р зууны үеийн монгол цэргийн дуулга, илд бамбай, зэр зэвсэг, хөө хуяг, Н.Цүлтэм, Г.Одон, Ю.Дорж, Ц.Жамсран, С.Рэнцэн, Д.Амгалан, С.Дондог, Г.Дунбүрээ, Б.Гомбосүрэн, Б.Батсүх, Б.Баясгалан, Г.Баяраа, Б.Балдан, Ж.Нямсүрэн, Б.Балдорж, Л.Махбал, М.Бүтэмж зэрэг Монголын нэрт зураач, уран барималчдын Ардын хувьсгалын сэдэвт уран зураг, уран баримал, шигтгэмэл зургийн бүтээлүүд хадгалагдаж байна.   

 

 

Холбоотой мэдээ