Pax Mongolica ба Пап Францисын айлчлал

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-09-03 15:07:18
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Бямба гарагт олон нийтэд хандаж үг хэлэхдээ монголчуудын даян дэлхийд энх тайвныг уриалсан уламжлалт үзэл санаа PAX MONGOLICA-г хэдэнтээ онцолж дурдлаа.


Тухайлбал тэрбээр, Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна гээд дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй Монгол төрийн шийдвэрийг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс болохыг тодотгож, зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай хэмээн ерөөлөө.


Тэртээ XIII зуунд Монголын эзэнт гүрэн дэлхий дахинаа амар амгаланг цогцлоож, "Монголын их амар амгалан" буюу PAX MONGOLICA үзэл санааг тунхагласан билээ. Тэр цаг үеэс үлдсэн тэмдэглэлүүдэд энэ тухай "Монголын эзэнт гүрний хяналт дор бүхий нутгаар Дорноос Өрнө рүү, Өрнөөс Дорно руу ямар ч саад бэрхшээлгүй зорчдог, 10 тэмээ алт ачаад явсан ч хүрэх газраа аюулгүй хүрдэг" тухай онцлон дурдсан байдаг. Дэлхий ертөнцөд тийм амар амгалан, айх аюулгүй, зөрчил тэмцэлдээн намжсан үе байсан хэрэг. Үүнийг сүүлийн жилүүдэд судлаачид онцлох болж, монголчууд ч өөрсдөө сануулж байгаа. Тухайлбал, өнгөрсөн 2022 онд тохиосон Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тэмдэглэхдээ, мөн энэ 2023 онд болсон Олон улсын монголч эрдэмтний ээлжит XII их хурлыг "Монголын их амар амгалан" уриа дор зохион байгуулж, дэлхий нийт зөрчил мөргөлдөөнтэй энэ цаг үед энх тайвны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах алхмыг хийсэн юм.


Үргэлжлүүлээд Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, дэлхийн 1.4 тэрбум орчим католик шашинтны оюун санааны удирдагч Пап Францис Монгол Улсад айлчилж, дэлхий дахинаа  "Монголын их амар амгалан" буюу PAX MONGOLICA-г санууллаа. Дайн дажин, зарчил мөргөлдөөнөө зогсоож, энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриаллаа. Улаанбаатарт Ням гарагт болсон Будда, Христ, Ислам, Бөө мөргөлийнхөн зэрэг олон шашны төлөөлөл оролцсон шашин хоорондын уулзалт дээр ч Пап Францис тэргүүтэй шашны удирдагчид энх тайвныг уриалж, үүнийгээ даян дэлхийд сонордуулж байна. 


Дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд Монгол Улс ороод буй энэ цаг үед дайны голомт болоод байгаа Украин улсын UKRINFORM агентлаг "Пап Францис есдүгээр сарын 2-ны Бямба гарагт Монгол Улсад айлчлах үеэрээ “Монголын их амар амгалан”-г цогцлоохыг дэлхий дахинд уриаллаа" хэмээн мэдээлсэн нь PAX MONGOLICA-г онцолсон Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүний айлчлал, түүний эргэн тойронд өрнөж буй даян дэлхийг энх тайванд уриалж буй санаачилга, илгээлтүүд дэлхийн сонорт хүрч байгаагийн илрэл юм. Энэ агуулгаараа Монгол Улс өвөг дээдсээс өвлөсөн PAX MONGOLICA-г XXI зуунд ч хэрэгжүүлж, энхийг эрхэмлэх үзэл санаанд манлайлагч болж байгаа бөгөөд Пап Францисын онцолсончлон "энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна". НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд Монгол Улсад айлчлахдаа "Монгол Улс бол эрх тайвны бэлгэ тэмдэг" гэж хэлсэнтэй ч утга нь дүйж байна.


Пап Францисын Монголын тал нутгаас даян дэлхийд хандаж хэлсэнчлэн "Монголчуудын “Үүл нүүж тэнгэр цэлмэнэ” гэж хэлдэг шиг, дэлхийн хаана  ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлцлээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай".


Эртний буддын сургаальд Пап Францисын дээр хэлсэнтэй яг утга дүйхээр гайхамшигт нэгэн бадаг байдаг. Тэр бол:

Зэвсэг барин тэмцэлдсэн бүхэн

Цэцэг барин золгох болтугай...юм. Монголчуудын уламжлалт бэлгэдлээр "Ерөөл орших болтугай".


Төгсгөлд нь Монголд айлчилж буй Пап Францисын үгээс дахин эшлэе. Тэрбээр "Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсье, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе" хэмээн Улаанбаатараас дэлхий дахинаа уриалж байна. 


Монголчууд нийтээрээ түүний уриалгыг дэмжиж байна.

©️Гэрэл зургийг Ц.Ган-Өлзий

Холбоотой мэдээ