ДАШТ-2023: Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн эрчимтэй хөгжлийн эхлэл

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-08-22 15:09:10

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд дууслаа.  Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрөл эрэгтэйчүүдийнхээс статусын хувьд илт хоцорч байгаа энэ үед Австралийн Сидней хотод болсон финалын тоглолтыг 75 мянган хүн үзсэн нь гайхамшигтай үзүүлэлт мөн.


Тоглолтыг үзэхээр Испанийн хатан хаан Летиция хүрэлцэн ирж, багаа дэмжсэний ачаар испани бүсгүйчүүд дэлхийн аваргын цомыг анх удаагаа хүртлээ.


Товчхон дүгнэвээс, хагас мэргэжлийн спорт гэгддэг эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тоглолтыг үзэх сонирхол энэ удаагийн ДАШТ-2023-ын үеэр оргилдоо хүрч, түүхэн хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. 

 

Дээд амжилтуудаар дүүрэн ДАШТ  

 

Австрали, Шинэ Зеландын 9 хотын 10 цэнгэлдэх хүрээлэнд 32 улсын баг тамирчид хоорондоо өрсөлдөж, нэг тоглолтыг дунджаар 29 мянган хөгжөөн дэмжигч үзсэн нь дээд амжилт гэхээр тоо яах аргагүй мөн. Хүрлийн төлөөх болон финалын тоглолтуудыг оролцуулахгүйгээр цэнгэлдэх хүрээлэнд нийт 1,85 сая үзэгч ирсэн нь мөн л рекорд амжилт. 

 

Телевизээр үзсэн хүмүүсийн тоо Австрали, Колумб, Хятад, Германд үндэсний хэмжээний рекорд тогтоолоо. Шинэ Зеландын шигшээ багийн эхний тоглолтыг нийт телевиз үзэгчдийн 39 хувь нь үзсэнээр эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн үзүүлэлтээс хол давжээ.


Баярлаж догдолсон ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино “энэ удаагийн ДАШТ бүх талаараа хүлээлтээс давсан үйл явдал болсныг” онцоллоо. Тухайлбал, өмнө нь 24 баг оролцдог байсныг 32 болгож өргөжүүлэх тэр үед олон хүн эл шийдвэрт тунчиг их эргэлзэж байв. Учир нь, хэт олон баг оролцсоноор ур чадварын ялгаа илт харагдаж, багууд бие биенийгээ 15:0 гэсэн харьцаагаар хожих тохиолдол гарснаар үзэгчдийн сонирхлыг татахгүй, тэднийг залхааж үргээнэ гэж үзэж байв.


Гэвч ийм зүйл болсонгүй.  


Ихэнх тоглолт эн тэнцүү өрсөлдөөн дунд өрнөж, Герман, Бразилын хөлбөмбөгчид хэсгээсээ гарч чадаагүй бол дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын баг 1/8 шигшээ тоглолтод швед бүсгүйчүүдэд хожигдлоо. Түүхэнд анх удаа Англи, Испани хоёр финалд үлдэв.

 

Эмэгтэй хөлбөмбөг эрчүүдийн шиг түгээмэл спорт болж чадах уу?

 

Тодорхой хэдэн шалтгаанаас үүдэн шууд одоо ойрын хэдэн жилдээ ийм боломж үгүй, гэхдээ цаашдаа спортын энэ төрөл түгэн дэлгэрэх өөдрөг дүр зураг харагдаж байна. 


Бүр 19-р зууны үед эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн анхны багууд бий болсон гэж бодохоор эмэгтэйчүүдийн хувьд ойрын жилүүдэд эн зэрэгцэнэ, гүйцэж түрүүлнэ гэх магадлал тун бага. Пеле, Яшин нарын тоглолтыг үзсэн өрхийн тэргүүн хөлбөмбөгийн гайхамшгийн тухай зөвхөн эрэгтэй хүүхдүүддээ үе дамжуулан ярьсаар ирсэн билээ.  


Нөгөөтэйгүүр, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт клубын тогтолцоо сул байгаа нь үнэн бөгөөд ДАШТ-2023-т оролцсон бүх оронд Улсын шалгаруулах тэмцээн тогтмол явагддаггүй гэдгийг дурдах нь зүйтэй. ДАШТ-нд оролцсон эмэгтэй хөлбөмбөгчдийн тал хувь нь мэргэжлийн тамирчид биш бөгөөд үндсэн ажлаасаа чөлөө эсвэл ээлжийн амралтаа аваад Австрали, Шинэ Зеландыг зорин иржээ. Энэ мэт шалтгаанаар Л.Месси, К.Роналду нар шиг одууд эмэгтэй хөлбөмбөгт байдаггүй.

Үзэгчдээр дүүрсэн цэнгэлдэх хүрээлэн


Энэ удаагийн ДАШТ-ийн үеэр орчин цагийн хамгийн алдартай эмэгтэй хөлбөмбөгчдийн нэг болох АНУ-ын Меган Рапино зодог тайллаа. Тэрбээр хоёр удаа дэлхийн аварга болж, нэг удаа Олимпын наадамд түрүүлж, эмэгтэйчүүдийн “Алтан бөмбөг” шагналыг хүртэж байсан хүн. Гэтэл спорт сонирхогчид түүнийг хөлбөмбөгчин гэхээсээ илүүтэй хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэгч, Д.Трампыг шүүмжлэгч гэдгээр нь илүү сайн мэддэг.

 

ФИФА эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэхийн төлөө


18-ны өдөр болсон хэвлэлийн хурлын үеэр ФИФА-гийн Ерөнхийлөгч Ж.Инфантино тун сэтгэл хангалуун сууж байлаа. Аргагүй юм, ДАШТ-2023 570 гаруй сая долларын орлого авчирсан ба алдагдал хүлээсэнгүй. /Харьцуулваас, Катарт өнгөрсөн онд болсон эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс ФИФА 10,5 тэрбум доллар олсон/


Эмэгтэйчүүдийн ДАШТ-нд оролцогчдод зориулж ФИФА 110 сая долларын шагналын сан бүрдүүлсэн нь мөн л рекорд тогтоохоор том тоо юм. Дэлхийн цомыг хүртсэн испани бүсгүйчүүд багаараа 4 сая доллар, финалд тоглосон Английн баг 2,6 сая доллар гэх мэтчилэнгээр шагнал хүртсэн бөгөөд хэсгээсээ гараагүй баг гэхэд 750 мянган доллар авсан байх жишээтэй. Үүгээр ч зогсохгүй 2027 оны ДАШТ-нд оролцох эмэгтэйчүүдийн багийн шагналын хэмжээг эрэгтэйчүүдийнхтэй ижил байлгах боломжтой гэдгийг Инфантино үгүйсгэсэнгүй.


Үүнтэй зэрэгцээд эмэгтэй тоглогчид ч гэсэн зүгээр суулгүй өөрсдийн эрхийн төлөө тэмцсээр байна. Тухайлбал, АНУ, Канадын шигшээ багуудын тоглогчид шүүхээр заргалдаж, ажил хаялт зохион байгуулах замаар эрэгтэй хөлбөмбөгчидтэй ижил цалин хөлс авахаар болсон байна. Хэдийгээр клубын түвшинд эрчүүдийн авдагтай адил хэмжээний хөлс мөнгө нэхэх боломжгүй ч гэсэн шигшээ багийн түвшинд байдал арай өөр. Жишээлэхэд, АНУ-ын эмэгтэй шигшээ баг гурван удаа дэлхийн аварга болсон бол эрчүүд нь нэг удаа ¼-ийн шигшээд шалгарч байв.


Австралийн хэвлэлүүд улсынхаа эмэгтэйчүүдийн шигшээ багийг “хамгийн хайртай баг”-аар нэрлэсэн бөгөөд австрали бүсгүйчүүд ДАШТ-ий хагас шигшээд хүртэл тоглоно гэж хэн ч төсөөлж байгаагүй билээ.

Зохион байгуулагч Шинэ Зеландийн иргэд ч баяр хөөрөөр дүүрэн байж, шигшээ багийнхаа тоглолтыг олноороо телевизийн дэлгэцээр үзсэнийг дээр дурдсан.   


Эцсийн дүндээ, финалын тоглолтонд Англи, Испани хоёрын аль нь хожсоноос үл хамааран мянга мянган охид хөлбөмбөгийг сонгох нь дамжиггүй гэдгийг дасгалжуулагчид, спортын тайлбарлагчид онцолж байлаа.  


Үүнтэй зэрэгцээд, эмэгтэйчүүдийн ба эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хоорондох ялгааг гуравхан жилийн дотор багасгах нэгэн боломж байгааг ФИФА олж харжээ. Тус холбооноос болон хараат бус шинжээчдийн явуулсан судалгааны дүнг үзвэл, эрэгтэйчүүдийн хөлбөмбөгт үзэгчдийн тоо нэмэгдэх явц удааширч, залуучуудын эзлэх хувь төдийлөн өсөхгүй байна. Учир нь, эрчүүдийн тоглодог хөлбөмбөг нь эрч хүчтэй байдал, үзэгчдийг татах хэлбэр үнэлэмжийн хувьд компьютер тоглоом гэх мэт орчин үеийн зугаа цэнгэлийн зүйлүүдээс илт хоцрох болжээ. Иймээс тоглолтын дүрмийг өөрчилж, уг спортыг илүү хурдтай болгохын тулд хөлбөмбөгийн салбарын албан тушаалтнууд зөвхөн топ багууд оролцох Супер лиг гэдгийг байгуулахаар оролдсон боловч бүтэлгүйтсэн билээ.  

ДАШТ-ий үзэгчид 


Харин балчир хүүхдүүдтэй гэр бүлүүд, 9-12 насны өсвөр насныхан, ялангуяа охидуудын хувьд, эрчүүдийн "харгис ширүүн" өрсөлдөөнийг бус харин эмэгтэй хөлбөмбөгчдийн "уян зөөлөн" тоглолтыг үзэх дуртай гэсэн судалгааны дүн гарчээ.


Үүнийг соргогоор мэдэрсэн ФИФА уг чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ.  


Эх сурвалж: ВВС 

Холбоотой мэдээ