“Буянт- Ухаа”-д Инноваци, хөгжлийн төв байгуулах асуудлыг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-14 13:12:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Буянт- Ухаа” олон улсын нисэх буудалд Инноваци, хөгжлийн төв байгуулах асуудлыг судлах шийдвэр гаргасан байна.


Тодруулбал, Засгийн газрын хуралдаанд Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, түүний харъяа байгууллагууд, инноваци, технологийн компаниудыг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэх асуудлыг холбогдох албаныхан танилцуулсан байна. Улмаар дээрх ажлыг зохион байгуулах, инновацийн төв болгон өргөжүүлэх асуудлыг судлан шийдвэрлэхийг ЗГХЭГ-ын даргад үүрэг болгожээ.


Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэхдээ, “Буянт-Ухаа бол Монгол Улсын техникийн соёлын түүчээ болсон том бүтээн байгуулалт. 1925 оноос хойш иргэний нисэхийн салбарынхан инженерүүдийнхээ хүчээр жижиг оврын агаарын тээврийн хэрэгсэл зохион бүтээснээс эхлээд олон жилийн түүхтэй. Тэгэхээр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын барилгыг үр дүнтэй ашиглах, төрийн захиргааны байгууллагуудыг нийслэлийн төв хэсгээс нүүлгэн шилжүүлэх тогтоолтой холбоотойгоор ЦХХХЯ тус нисэх буудалд шилжих юм. Улмаар Мэдээлэл, технологийн үндэсний паркыг түшиглэн Инноваци, хөгжлийн төв болгон өрөгжүүлэх зорилгоор өнөөдөр танилцуулга хийлээ. Энэ төвийг байгуулснаар өрсөлдөх чадвартай мэдээллийн тхенологийн салбарыг бий болгох, шинэ технологи, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гарааны компаниудад зориулсан инкубаторын цогц үйл ажиллагааг нэвтрүүлэх, судалгаа, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, мэдээллийн тенологийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн үзэж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ