Саудын Араб: Цөлийг баянбүрд болгох “ногоон санаачилга”

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-03-28 12:46:18

Ихэнх хүмүүс бодохдоо, Саудын Араб, Ойрхи Дорнод бол бүхэлдээ аагим халуун наранд халж улайссан аварга том цөл, хязгааргүй үргэлжлэх элсэн манхнууд гэж төсөөлцгөөдөг. Харин ойрын 10 жилийн дотор ийм ойлголт үеэ өнгөрөөж, дурсамж болон үлдэх нь. Саудын Арабын эрх баригчид асар том амбицтай төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлснээр олон зуу, мянган км үргэлжлэх их цөлд цэцэрлэгт хүрээлэнгүүд, тариалангийн талбайнуудыг бий болгох гэж байна.


2021 оны 3 дугаар сард Саудын Арабын угсаа залгамжилсан ханхүү Мухаммед бен Салман “Ногоон санаачилга” төлөвлөгөөгөө дэлхийн дахинд танилцуулсан юм. Урьд хожид үзэгдээгүй өргөн цар үрээтэй мод тарих кампанит ажлын хүрээнд тус улсад 2030 он гэхэд 10 тэрбум мод тарих, бүс нутгийн бусад улс оронтой хамтран 40 тэрбум мод тарьж Ойрхи Дорнодыг бүхэлд нь баянбүрд болгохоор төлөвлөжээ.


Энэ хоёр төслөөс бен Салманы “Ногоон санаачилга”-ыг хэрэгжүүлэхийн тулд 2030 он хүртэлх хугацаанд 190 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. “Нефть олборлолтоор дэлхийд тэргүүлж буйн хувьд манай улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг даван туулах тал дээр өөрийн хариуцлагыг бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд ногоон дэлхийг бий болгоход манлайлагч байхыг эрмэлздэг” гэж Саудын Арабын залуу удирдагч хэлснийг энд онцольё. 


2020 онд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дэлхий даяар 1 их наяд ширхэг тарьж ургуулах санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд хэрэгжсэн тохиолдолд 2030 он гэхэд хорт хийн хаягдлыг бууруулах талаар Парисын гэрээнд тусгасан зорилтын 1/3-ийг хангах юм.  Тэгвэл Ойрхи Дорнодын бүс нутагт 50 тэрбум мод тарихаар төлөвлөсөн нь НҮБ-аас дэвшүүлсэн зорилтын 5 хувийг хангана.


Асар том амбицтай төлөвлөгөөний гол зорилго бол агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн бохирдлыг багасгаж, хөрсний элэгдэл эвдрэлийг зогсоох явдал бөгөөд саудчуудын өмнөө тавьж буй үндсэн зорилтууд бол:

  • ·        10 тэрбум ширхэг мод тарих

    ·        40 сая га газрыг нөхөн сэргээх

    ·        Эрчим хүчний 50 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах

    ·        2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн хаягдлыг 130 сая тонноор бууруулах

Нөгөөтэйгүүр, ногоон санаачилга нь Саудын Араб улс нефть-хийн орлогоос хэт хамаарч буй байдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн “Saudi Vision 2030” гэдэг стратегийн хөтөлбөрийн нэг хэсэг болой.


Байнга дэгддэг элсэн шуурга тус улсын эдийн засагт жил бүр 13 тэрбум долларын хохирол учруулж байгаагаас гадна хүлэмжийн хийн хаягдлын улмаас Саудын Арабын иргэдийн нас 1 жил 6 сараар богиносч, амьдралынх нь чанар дордож байгааг хунтайж Салман дурдсан байна.  


Тухайлбал, Аравийн хойгт 19 дүгээр зууны эхэн үеэс хойш элсэн шуурганы давтамж 25 хувиар нэмэгджээ. Хэрвээ энэ эрчээр нүүрсхүчлийн хийн ялгарал, элсний нүүдэл ихсэх аваас XXI зууны эцэс гэхэд Аравийн хойгийн ихэнх хэсгийг эзлэн орших Саудын Араб улсад хүн амьдрах боломжгүй болно гэдгийг судалгаа харууллаа.


Өдгөө Саудын Арабын нутаг дэвсгэрийн ердөө 0,5 хувийг ой мод эзэлдэг гэсэн тоо бий.Гэтэл одоогоос 10 мянган жилийн өмнө өнөөгийн Саудын Арабын цөл нь Библийн сударт дурдагддаг Эдемийн цэцэрлэгийг санагдуулам үзэсгэлэнт газар орон байжээ.  Толгодоор хүрээлэгдсэн нуга бэлчээр, балар шигүү ой нь  муссон салхины нөлөөгөөр үүсдэг аадар борооны усаар тэжээгдэх ба өнөөгийн Зүүн Өмнөд Азийн нутгийг санагдуулна.  Өнөөдөр энэ их ус хаашаа ч алга болох ёсгүй бөгөөд зүгээр л газар доогуур шингэсэн байж таараа. Саудын Арабын усны нөөцний 98 хувь нь газар дор байдаг бөгөөд цөлийг цэцэрлэгт хүрээлэн болгохын тулд энэ нөөцийг ашиглах нь тодорхой.


Өдгөө 36 настай ханхүүгийн тооцоолсноор, ойжуулах төслийг хэрэгжүүлснээр ойн бүрхүүлийн хэмжээ 12 дахин нэмэгдэж, эвдрэлд орсон 40 сая га газрыг нөхөн сэргээх боломжтой. Цөлжсөн хуурай газар орны нэг га талбайд дунджаар 5 мянган ширхэг мод тарина гэж үзвэл 10 тэрбум ширхэг мод нь 2 сая га газрыг эзлэх ба үүний үр дүнд 400 мянган хав.дөр.км газар нутгийг янз бүрийн чиглэлээр ашиглах боломжтой болно гэсэн тооцоо бий. Улмаар Saudi Green Initiative санаачилгын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэхээр төлөвлөжээ. 


Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд асар их бэрхшээл тулгарна. Тодорхой хэлбэл, ойжуулалтаар дэлхийд тэргүүлж буй Хятад улсад мод тарьж буй бүс нутгууд гэхэд Саудын Арабын цөлтэй харьцуулахад хамаагүй сэрүүхэн бөгөөд хуурайшил багатай. Тэгэхээр саудчууд зайлшгүй усалгаатай ойн аж ахуй эрхэлнэ гэсэн үг. Үүний тулд усыг хаанаас авах вэ? Ашигласан усыг дахин хэрэглэх боломж байж болох юм, гэхдээ энэ нь тийм ч элбэг биш. Усыг цэвэршүүлнэ гэвэл асар их зардал гарах бөгөөд үүний улмаас мод тарих нь эсрэгээрээ байгаль орчинд сөргөөр нөлөөлж ч мэднэ. 


Гэсэн хэдий ч саудчууд Аравийн цөлд газар тариалан эрхлэх туршлагатай болж байгаа учраас ойрын үед усалгаатай ойн аж ахуй байгуулах нь тэдний хувьд төдийлөн бэрхшээлтэй асуудал биш ээ.


Цөлд тариа ногоо тарих боломжгүй хэмээн олон мянган жилийн туршид үзсээр ирсэн. Харин өнөө цагт усжуулалтын шинэ технологиуд бий болсноор тус улсад газар тариалангийн салбарыг амжилттай хөгжүүлж байна. Жишээ татвал, Вади ас-Сирхан гэдэг хөндий дэх 1 км-ийн голчтой тойрог хэлбэрийн ногоон талбайнууд нисдэг тэрэгнээс эсвэл Google-ийн газрын зураг дээр тунчиг үзэсгэлэнтэй харагдана. Аравийн цөлийн ус бараг 1 км-ийн гүнд байдаг бөгөөд энэ нь 2 сая жилийн өмнө байсан эртний мөсөн голын үлдэгдэл юм.


Тойрог хэлбэрийн ногоон талбайн голд байрлах цооногоос ундарч буй ус нь олон нүхтэй тусгай хоолойд орох ба уг хоолой тасралтгүйгээр эргэлдсээр тариа ногооны суулгацуудыг усална. Ингэхдээ усны эх үүсвэрийн өөрийнх нь даралтаар, цахилгаан эрчим хүч ашиглахгүйгээр ажиллана. АНУ-ын иргэн Фрэнк Зибах-ын зохион бүтээсэн энэ “усалгааны тойрог систем”-ийг дэлхийн цөлжсөн бүс нутгуудад өргөн ашиглаж байна.

Саудын Арабын Байгаль орчны сайдын ярьснаар, орон нутгийн уур амьсгалд зохицсон мангро модны төглүүдийг нөхөн сэргээх, нүүрсхүчлийн хийг сайн шингээдэг уг модыг шинээр суулгахыг илүү үр дүнтэй гэж үзэж байгаа ажээ.  Ингэхдээ хөрсний ус, ус цэвэршүүлэгч төхөөрөмж ашиглан гаргаж авсан усаар мод услахгүй, харин борооны ус, далай тэнгисийн ус ба үүл буудаж оруулсан борооны усыг ашиглах ажээ. 


Түүнчлэн “Ногоон санаачилга”-ын хүрээнд саксаул гэдэг модыг олон тоогоор тарихаар төлөвлөж байна. Олон сарын турш услахгүй байсан ч ургасаар байдаг энэ мод +58 хэмийн халууныг тэсвэрлэдэг болой. Олон зууны турш саудчуудын түлшний хэрэгцээг хангасаар ирсэн саксаул мод хуурай уур амьсгалтай орчинд үрээ сайн өгдөг, бат бөх үндэстэй тул элсний нүүдлээс сайтар хамгаалдаг. 


Ногоон санаачилгыг хэрэгжүүлснээр эмийн ургамлын үйлдвэрлэл, эко аялал жуулчлал зэрэг салбарт ажлын байр олноор бий болж, хүн амын дөнгөж 16 хувийг бүрдүүлж буй хөдөөгийн хүн амын тоо эрс нэмэгдэх ёстой.


Эдийн засгийн хөгжлийг байгаль орчныг хамгаалахтай зэрэгцүүлэх боломжгүй гэсэн шүүмжлэл бол цагаа олоогүй зүйл гэдгийг хунтайж бен Салман “ногоон санаачилга”-аа хэрэгжүүлэх замын зураглалдаа дурдаад, 10 тэрбум мод тарих нь инновацийг тэтгэж, олон мянган ажлын байрыг бий болгоно гэж онцоллоо.  


Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ