Театрын бүжгийн ангийг Ардын жүжигчин Р.Самжидын нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-20 12:23:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын бүжгийн ангийг Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Казахстан Улсын Гавьяат жүжигчин, бийч, бүжиг дэглээч Риймэдийн Самжидын нэрэмжит болголоо.

Үүнтэй холбогдуулан театрын бүжгийн сургалтын танхимыг түүний үр хүүхдүүдтэй хамтран иж бүрэн тохижуулсан байна.

Мөн язгуур урлагийн өв тээгчийн гэгээн дурсгалд зоруулсан «Эргэн дурсахуй» хүндэтгэлийн тоглолт энэ сарын 19-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт болов. Тоглолтод Баян-Өлгий, Ховд аймгийн театрууд, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, хилийн 0165 дугаар ангийн уран бүтээлчид оролцлоо.

Р.Самжид нь 1955 онд тус аймгийн Хөгжимт драмын театр анх байгуулагдахад анхны бүжигчнээр орсон байна. Тэрбээр театрт 55 жил хөдөлмөрлөхдөө гоцлол бүжигчин, бүжиг дэглээчээр ажиллаж, монгол ардын бий биелгээ, цуур, хөөмий, ерөөл, магтаал, товшуур зэрэг язгуур урлагийн өвийг Монгол орныхоо бүх аймаг, сум болон ОХУ, Хятад, Казакстан улсуудад сурталчилж байжээ.

Түүнчлэн бие дааж 70 гаруй бүжиг дэглэн тоглуулж, 300 гаруй бүжигт бүжиглэсэн бөгөөд түүнийг Баян-Өлгий аймгийн ард түмэн "урианхай түмний алдарт бийч", "язгуур урлагийн өв тээгч их уурхай" хэмээн хүндэтгэдэг юм.

Холбоотой мэдээ