Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-14 17:33:34

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 14-нд Говьсүмбэр аймагт ажиллалаа. Засгийн газрын тэргүүн Сүмбэр сумын иргэд төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн хэрэгжилт, томоохон төслүүдийн ажлын явцын талаар мэдээлэл өгч иргэдийн асуултад хариулсан байна. 

Мөн Баянтал сумын өрхийн эмнэлэгт шинэ автомашиныг шийдвэрлэсэн бол Хүүхдийн ордны барилга, сумдын соёлын төвийн барилгыг шинээр барих орон нутгийн санаачилгыг анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Шивээговь суманд байрлах "Эйкү Сора" нүүрсний уурхайн асуудлыг судалж хуулийн дагуу шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад үүрэг болгов.

Учир нь "Эйкү Сора" ХХК-ийн нүүрсний уурхайн лицензийн талбайд Шивээговь сумын газар нутгийн 30 хувь буюу 30,000 гаруй га газар багтдаг аж.

Тиймээс уурхайн тусгай зөвшөөрлийг цуцалж, иргэдийн өмчилсөн газрын эрхийг сэргээхийг орон нутгийн иргэд хүсчээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн алба хаагчдад хандаж ажлын хариуцлагыг сайжруулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр бодитой ажил хийхийг сануулсан байна.

Ерөнхий сайдын уулзалтад Говьсүмбэр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХНХ-ын сайд С.Чинзориг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Б.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам оролцов.

Говьсүмбэр аймаг 17500 хүн амтай Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий аймагтай хиллэдэг авто зам, төмөр замын хос хөдөлгүүртэй дэд бүтэц сайн хөгжсөн аймаг юм.

Аймгийн төвийн Сүмбэр суманд хил дагуух Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан зэрэг сумаас ойролцоогоор 640 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг тул 2019 онд Сүмбэр суманд 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуулийн барилгыг эхэлсэн байдаг.

Дээрх сургуулийн барилгыг энэ оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн бол Шивээговь суманд ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилга, Солонгосын хөрөнгө оруулалтаар дулааны станцын барилга, аймгийн төвд прокорурын байгууллагын шинэ барилгыг тус тус барихаар болжээ.

Холбоотой мэдээ