"Цусны даралт ихсэлтийн эсрэг" аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-21 09:50:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян" Баянхонгор аймгийн Баганат талбайд есдүгээр сарын 20-нд нээлтээ хийлээ.
Цусны даралт ихсэлт эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай нэмэгдэж буй нь удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх, хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлс нийтлэг шалтгаан болж байгаа тухай эмч мэргэжилтнүүд хэлж буй.

Тиймээс хувь хүн бүр эрүүл мэнддээ тавих хяналт боломжтойг иргэд олон нийтэд түгээн хүргэх зорилгоор уг аяныг санаачлагч П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг болон "ХААН" банк нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байгаа аж. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Аяны хүрээнд орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах онолын болон ажлын байрны сургалт зохион байгуулдаг байна. Түүнчлэн цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн судалгаа хийх зэрэг зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлж иржээ.

Аяны багийнхан төлөвлөгөөт ажлыг хамтран хэрэгжүүлж байгаа эхний өдрөө цусны даралт хэмжиж, зөвлөгөө мэдээлэл өгсөн бол хоёр дахь өдөр нь эрүүл мэндийн илрүүлэг үзлэгийг Улсын III төв эмнэлгийн эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хамт хийж байна. Үзлэгийн үеэр үзлэгт хамрагдсан хүн бүрийн цусны даралтыг хэмжиж, биеийн жингийн индексийг тодорхойлж буй. Харин есдүгээр сарын 21-нд цусны даралт ихсэлттэй ба зүрх судасны өвчин илэрсэн эрсдэлт бүлгийн иргэдэд эмч, мэргэжилтнүүд нарийвчилсан үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгч байна. 

                                                                     Б.Мөнхзул

Холбоотой мэдээ