Энэ жил нийслэлд 17 зуслан үйл ажиллагаа явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-08 14:52:29

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн амралтын хуваарьтай зэрэгцэн хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь гарч эхэлжээ.


Энэ жил нийслэлд бүртгэлтэй 17 зуслан үйл ажиллагаа явуулна. Эдгээр нь өдөрт 4000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногийн төлбөр нь дунджаар 350-500 мянган төгрөг байгаа юм. Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааны явцад хоёр удаа шалгалт хийдэг байна. Үүний дараа улсын хэмжээнд нийт 56 зуслан энэ жил үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ.


Тухайлбал, 1978 онд нээлтээ хийж байсан олон улсын “Найрамдал” төв энэ жил 10 ээлжтэй байхаар төлөвлөсөн байна. Эхний ээлжийн хүүхдүүдээ ирэх сарын 3-нд хүлээн авах бөгөөд 6-10 насныханд хамааралтай аж. Тус зуслангийн бүртгэл энэ сарын 13-наас эхлэх юм байна. Тэгвэл интернэт болон гар утасны хэрэглээг хязгаарлаж, англи хэлний ярианы клуб хичээллүүлдэг "Янзага" зуслан мөн ирэх сарын 3-наас хүүхдүүдээ авч эхлэх гэнэ.


Харин өнгөрсөн жилээс стандартад нэмэлт өөрчлөлт орж, монгол ахуй, нүүдлийн соёлын хөтөлбөртэй “Оньс” зуслан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ жил ч мөн хүүхдийн зуслангуудад ахуй соёлыг сурталчлах журмын заалт хэвээр үйлчлэх аж.

Холбоотой мэдээ