Сэтгүүлчдэд тулгамдаж буй сорилтууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-05-03 09:49:25

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 3 /Internews/. Сэтгүүл зүйн салбар хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед сэтгүүлчид дасан зохицох, шинэ талбарт шилжихийг шаардсан олон бэрхшээлтэй тулгарч байна. Дижитал мэдээллийн хэрэгслүүдийн хөгжлөөс эхлээд мэдээний хэрэглээний өөрчлөлт зэрэг саад бэрхшээлийг орчин үеийн сэтгүүлчид даван туулах ёстой болж байна. АНУ-д төвтэй "Internews" судалгааны байгууллагын энэхүү нийтлэлд өнөө үед сэтгүүлчдэд тулгарч буй гол сорилтуудын талаар судалж, тэдгээр саад бэрхшээлийг даван туулахад нь туслах үнэ цэнтэй ойлголт, шийдлүүдийн талаар өгүүлнэ.

 

ХУУРАМЧ МЭДЭЭ, ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Өнөөгийн дижитал эрин зуунд сэтгүүлчдэд тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг бол хуурамч мэдээ, ташаа мэдээлэл тархах явдал юм. Олон нийтийн сүлжээний платформуудад мэдээлэл хуваалцахад хялбар болсноор худал мэдээлэл хурдан тархах эрсдэлтэй болж сэтгүүл зүйн салбарын найдвартай байдлыг ганхуулж байна. Сэтгүүлчид аливаа мэдээ мэдээллийг нийтлэхээсээ өмнө баримтыг сайтар нягтлах, эх сурвалжуудыг баталгаажуулах арга замаар энэ сорилттой тэмцэх ёстой. Түүнчлэн олон нийтэд хэвлэл мэдээллийн боловсрол олгох нь найдвартай эх сурвалж, ташаа мэдээлэл хоёрыг ялгахад туслах чухал ач холбогдолтой юм.

 

СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРТ ИТГЭХ ИТГЭЛ БУУРЧ БАЙНА

Сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн салбарт итгэх итгэл буурах болоод байна. Нэг талыг баримталсан мэдээ мэдээлэх, сенсац дэгдээх, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг компанийн болон улс төрийн ашиг сонирхолд үйлчилж байна гэсэн ойлголт ихсэж байгаа нь ийнхүү итгэл буурахад нөлөөлсөөр иржээ. Энэ сорилтыг шийдвэрлэхийн тулд сэтгүүлчид ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй мэдээлэхийг нэн тэргүүнд тавих ёстой. Олон нийтийн оролцоог хангах, нээлттэй яриа хэлэлцүүлгээр дамжуулан үзэгч, уншигчидтайгаа харилцах харилцааг бий болгох нь итгэлцлийг сэргээхэд тусална.

 

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ

Орчин үеийн технологи нь сэтгүүл зүйн салбарт хувьсгал хийж, боломж хийгээд сорилтын аль алиныг нь авчирч байна. Дижитал шилжилт нь мэдээллийн хэрэглээний хэв маягийг өөрчилж, цахим платформ болон олон нийтийн сүлжээ рүү шилжихэд хүргэсэн юм. Сэтгүүлчдийн хувьд дата сэтгүүл зүй, мультмедиа нийтлэл зэрэг дижитал ур чадвараа хөгжүүлэх хэлбэрээр эдгээр өөрчлөлтөд дасан зохицох шаардлагатай болж байна. Шинэ технологи, платформыг ашиглах нь тэдний мэдээлэх чадварыг сайжруулж, илүү өргөн хүрээний үзэгчдэд хүрч чадна.

 

САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Хэвлэмэл сурталчилгаа зэрэг уламжлалт орлогын урсгал буурах болсноор мэдээллийн байгууллагуудад санхүүгийн дарамт учрах болсон. Энэхүү сорилт нь ажлын байрны цомхотгол, нөөцийн хомсдол, сэтгүүлчдэд бага нөөцөөр илүү их контент бэлтгэх дарамтыг нэмэгдүүлсэн байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд сэтгүүлчид захиалгад суурилсан загвар, олон нийтийн санхүүжилт эсвэл ашгийн бус байгууллагуудтай түншлэх зэрэг орлогын өөр загваруудыг судлах хэрэгтэй. Орлогын урсгалыг төрөлжүүлэх нь сэтгүүл зүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад тус дөхөм болно.

 

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД УЧИРЧ БУЙ АЮУЛ ЗАНАЛ

Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын тулгын чулуу хэдий ч сэтгүүлчид дэлхий даяар заналхийлэл, халдлагад өртөж байна. Сэтгүүлчид эгзэгтэй асуудлаар сурвалжилга бэлтгэхийн тулд үг хэлэх эрхийг боогдуулахааас эхлээд бие махбодын хүчирхийлэл гэх мэтчлэн аюулгүй байдал, эрх чөлөөгөө эрсдэлд оруулах нь бий. Энэ сорилтыг даван туулахын тулд хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж, сэтгүүлчдийн эрхийг хамгаалдаг байгууллагуудыг дэмжиж, тэдний хөдөлмөрийг хамгаалдаг хууль эрх зүйн орчныг баталгаажуулах нь чухал юм.

 

ЁС ЗҮЙН АСУУДАЛ

Хандалт, сенсацын эрин үед сэтгүүл зүйн салбар үе үе ёс зүйн асуудалтай тулгардаг. Сэтгүүлчид хүмүүсийн анхаарлыг татсан мэдээллүүдийн араас хөөцөлдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах хоёрын хоорондох нарийн шугамыг давах ёстой болдог. Энэ сорилтыг даван туулахад сэтгүүл зүйн шударга байдал, ёс зүйн хэм хэмжээг баримталж, үнэн зөв, шударга байдлыг эрхэмлэх нь чухал юм.

 

Дүгнэлт:

Өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй хэвлэл мэдээллийн орчинд сэтгүүлчид олон сорилттой тулгардаг. Хуурамч мэдээ, олон нийтийн итгэх итгэл буурахтай тэмцэхээс эхлээд дижитал шилжилттэй хөл нийлүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэгт шинэлэг шийдлүүдийг хайж олох ёстой болж байна. Сэтгүүлчид ёс зүйн хэм хэмжээг баримталж, үнэн зөвийг чухалчилж, шинэ технологид нэвтэрснээр эдгээр сорилтыг даван туулж, нийгэмд гүйцэтгэх чухал үүргээ үргэлжлүүлэн биелүүлж чадна. 


関連ニュース