Ж.Энхжаргалан: IPO гаргаж 66 хувиа олон нийтэд санал болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-19 15:56:51

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Төв цэнгэлдэх хүрээлэн”-г өчигдөр НИТХ-ын шийдвэрээр 100 хувь нийслэлийн өмч болж, улсын бүртгэлээр баталгаажсан.


Үүний тус компанийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томилсон юм. Харин өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, шинэ захирал Ж.Энхжаргалан нар Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллав. Энэ үеэр Ж.Энхжаргалан сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд ямар шинэчлэл хийх талаараа ярилаа.


Тэрбээр “Хамгийн түрүүнд Үндэсний их баяр наадмаа сайн зохион байгуулах ажил бий. Төв цэнгэлдэх хүрээлэн олон жилийн хугацаанд оршин тогтносон боловч орц гарц, шат, бариул, ариун цэврийн өрөө гээд асуудал бий. Засах боломжтойг засаж сайжруулаад, баяр наадмаа хийнэ. Хамгийн сайн чанарын хиймэл зүлгээр одоогийн зүлгийг солихоор төлөвлөсөн. Үүний дараа орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 20-40 мянган хүний суудалтай цэнгэлдэхийг байгуулна. Автомашины зогсоол, ногоон байгууламж нь хангалттай байлгахын тулд яаж зөв төлөвлөлт хийхийг судлаад олон нийтэд танилцуулах юм. Наадмын үеэрх хоол, хүнсний худалдааг цэгцэлнэ. Энэ нь бүрмөсөн байхгүй болгоно гэсэн үг биш. Төв цэнгэлдэх хүрээлэн ашигтай ажиллах бүрэн боломжтой. Үүнийг хийж үзүүлье гэж бодож байна” гэв.


Тэгвэл ашиг сонирхлын зөрчлийн талаар “Хүмүүсийн хардалтыг үгүйсгэхгүй. Гэхдээ би ашиг сонирхлын зөрчилгүйгээр ажиллаж чадна. Би салбараа маш сайн мэддэг” хэмээн ярилаа.


Тэрбээр цааш нь ярихдаа “Шинэ төлөвлөлтөө богино хугацаанд боловсруулаад олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлнэ. Олон нийтээс санал авсны дараа Монголын хөрөнгийн биржээр дамжуулаад IPO гаргаж 66 хувиа санал болгоно. Ингэж нээлттэй, олон нийтийн хяналттай, хувьцаат компани болох замдаа орно. Орчин үеийн цэнгэлдэх барих нь хамгийн багадаа 75 сая ам.доллароос, дундаж нь 400 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө хийж 12.6 га газартаа энэ чиглэлээр дагнасан олон улсын том зургийн компаниудтай холбоо тогтоож, зөвлөх үйлчилгээг нь аваад энэ талбайд хэдэн хүний суудалтай, зөв төлөвлөлттэй цэнгэлдэх хийж чадах вэ гэдгээ тодорхойлно” гэлээ. 

関連ニュース