Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-25 17:53:26

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцсэн, 850 хүний багтаамжтай шинэ театр  өнөөдөр албан ёсоор нээгдлээ. 


Анх 1951 онд Хүүхдийн төв театр нэртэй байгуулагдаж, 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон өргөжүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан юм. Тэгвэл 2021 оны 6 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьжээ. 


Тус театр ийнхүү 27 жилийн дараа Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр хөшгөө нээж байна.


Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “2016 онд СХД-ээс УИХ-д сонгогдож байсан бөгөөд тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 850 хүний суудалтай соёлын ордон байгуулах саналыг 2018 онд гаргаж, улсын төсөвт суулгуулсан. Улмаар иргэдтэй уулзаж соёлын ордон байгуулах талаар танилцуулахад газар чөлөөлөлтийн ажил эхлүүлэх саналыг иргэд дэмжсэн. Энэ хэсэгт 3 гудамж бүхий газрыг чөлөөлсөн. Том бүтээн байгуулалт байсан учраас тухайн үед ахмад уран бүтээлчидтэй ч уулзсан. Ахмад уран бүтээлчид ч Улсын театрын зохион байгуулалт руу шилжих саналыг дэмжиж байсан. Хүүхэд, залуучуудын театрын орчимд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцжуулах төсөл хэрэгжүүлнэ. Уг орчимд 9.7 га газрыг чөлөөлөхөөр иргэдтэй гэрээлсэн. Мөн театрын орчимд спортын цогцолбор, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан сургууль, ойролцоогоор 60 га орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийснээр “20 минутын хот” консептын эхлэл тавигдана гэж үзэж байна” гэв.


Тус театр 12,972 ам дөрвөлжин метр талбай бүхий  3 давхар, 850 хүний суудалтай үзэгчдийн танхим, орчин үеийн стандартад нийцсэн дуу авиа, гэрэлтүүлэг  механизм бүхий тайз болон дуу бичлэгийн студи, видео студитэй юм. Мөн үзэгчдийг ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр номын сан, кофе шоп, ресторан, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг тохижуулжээ. 


Энэхүү театр хөшгөө нээснээр хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжиж, урлаг, гоо зүйн боловсрол олгох, үндэсний болон дэлхийн театрын урлагийг танин мэдэх боломж бүрдэж байна.








Related news