ДАРХАН-УУЛ: Газар тариалан эрхлэгчдийн 90 орчим хувь нь төвийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-20 13:04:12

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд газар тариалан эрхлэгч иргэн, ААНБ-ын 90 орчим хувь нь төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт үйл ажиллагаагаа явуулдаг байна. Уг тоон мэдээлэл пүрэв гарагт Төв аймгийн Зуунмод суманд “Төвийн бүсийн хаврын тариалалт-Бүсчилсэн хөгжил-2024” нэгдсэн зөвлөгөөний ерөнхий мэдээлэлд тусгагджээ.




Тодруулбал өнгөрсөн онд улсын хэмжээнд газар тариалангийн салбарт 17.7 мянган өрх, 1.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулжээ. Үүнээс өрхийн 38.2 хувь, аж ахуйн нэгж, байгууллагын 50.5 хувь нь зөвхөн төвийн бүсэд тариалалт хийдэг юм.




Тус зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, ХХААГ-ын дарга Т.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөл болон тариалан эрхлэгчид оролцлоо.




Дархан-Уул аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд хэлэхдээ, "Төвийн бүсийн гурван аймаг тус тусдаа бодлого ярих бус бодлогоо нэгтгэж, газар тариалангийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд саналаа нэгтгэж УИХ, Засгийн газар өргөн барих хэрэгтэй" гэв.




Цаашид тариаланчид техник хангамжийг нэмэгдүүлэх, усалгаат системийг боловсронгуй болгох, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй, зоорийг нэмэхэд төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэйг онцлов. Үүний тулд урамшууллын дүнг нэмж, хөнгөлөлттэй зээлийн хугацааг хоёр жил бус гурван жил болгох зэрэг саналыг илэрхийлсэн байна.




Зөвлөгөөнд оролцсон орон нутгийн удирдлагуудын болон тариалан эрхлэгч иргэн, ААНБ-уудаас гаргасан саналыг нэгтгэж зөвлөмжүүд гаргах ажээ.




Ташрамд, төвийн бүсийн гурван аймаг улсын хэмжээний үр тарианы 68.0, төмсний 77.0, хүнсний ногооны 72.0, тосны ургамлын 74.8, таримал тэжээлийн 63.0 хувийг тус тус үйлдвэрлэж байна.



 

Related news