ДАРХАН-УУЛ: Бүсийн эмнэлэг барих гэрээнд гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-26 19:41:21

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн Нэгдсэн эмнэлгийг Дархан-Уул аймагт барих төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.


Уг гэрээнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгита, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат нар гарын үсэг зурж баталгаажууллаа.  




Дархан-Уул аймгийн хэмжээнд төдийгүй төвийн бүсийн хэмжээнд орчин үеийн, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий цогц эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх олон улсын стандартад нийцсэн, 250 ортой анхны гурав дахь шатлалын бүсийн жишиг эмнэлгийг 2029 онд ашиглалтад оруулахаар гэрээнд тусгажээ.




Төсөл амжилттай хэрэгжсэнээр төвийн бүсийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирч, Улаанбаатар хот руу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах иргэдийн урсгалыг бууруулах, ачааллыг багасгаж, нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах томоохон ач холбогдолтой гэж УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.




Ташрамд, шинэ эмнэлэг ашиглалтад орж эмчилгээ, үйлчилгээ эхэлсний дараа хуучин нэгдсэн эмнэлгийн барилгыг бүсийн ахмадын сувиллын төвийн зориулалтаар ашиглах юм.



Related news