ДАРХАН-УУЛ: БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-06 10:15:19

Дархан, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ, БНСУ-ын Кёнги аймгийн иргэдийн хурал хооронд найрамдалт харилцаа тогтоосны арван жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын төлөөлөгч Нам Жон Сув тэргүүтэй зочид төлөөлөгчид тус аймагт зочиллоо.




Зочид, төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал болон албаны төлөөлөл хүлээн авч, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.




Хамтын ажиллагааны арван жилийн ойг угтан БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын төлөөлөгч Нам Жон Сув тэргүүтэй зочид төлөөлөгчид өнөөдөр түргэн тусламжийн хоёр автомашин гардууллаа.




Уг автомашинуудыг аймгийн Ахмадын хөгжлийн төв болон Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлж байна. Ахмад настнуудад эрүүл мэндийн тусламжийг цаг, хугацаа алдалгүй шуурхай хүргэх, хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс дээрх газруудад ийнхүү хүлээлгэн өгч байна. 




Хамтын ажиллагааны хүрээнд 2019, 2024 онд хандивласан түргэн тусламжийн автомашинаар нийт 5423 яаралтай тусламжийн дуудлага, 98 удаа алсын дуудлагад явжээ.




Ташрамд, өнгөрсөн онд талууд хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулж, Дархан-Уул аймагт хэрэгжиж буй Боловсрол-2032 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар болжээ. 



Related news