Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг шударгаар шийдвэрлэх ёстойг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-19 10:09:48

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.


Тогтоолын төслийн талаарх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд үндэсний хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ гэж заасны дагуу уг хөтөлбөр болон УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байна.


УИХ-ын даргын өнгөрсөн оны 209 дүгээр захирамжаар байгуулсан тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, Н.Энхболд нар ажилласан аж. Ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, УИХ-ын Тамгын газар, Хүний эрхийн комисс, ЗГХЭГ, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, МУИС, Удирдлагын академи, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн зэрэг байгууллага мэргэжил, арга зүйн дэмжлэн үзүүлсэн байна. Үндэсний хөтөлбөрийн төслийг Ёс зүйн хороо болон Төрийн албаны зөвлөл, УИХ-ын Тамгын газрын дэмжлэгтэйгээр www.csc.gov.mn, https://d.parliament.mn/ цахим талбаруудад байршуулж, олон нийтийн саналыг авчээ. Мөн Төрийн албаны зөвлөлөөс 2800 гаруй төрийн албан хаагчийг оролцуулан цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлсэн бөгөөд яам агентлагийн удирдах албан тушаалтнууд, иргэний нийгэм, судалгааны байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг долоон удаа зохион байгуулж, төрийн, төрийн бус нийт 45 байгууллагаас 520 гаруй санал ирүүлснийг нэгтгэн тусгаж, эцэслэн боловсруулсан байна.


Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа асуулт асууж, үг хэлсэн юм. Тэрбээр өнгөрсөн гурван хоногт болж өнгөрсөн эмийн үнийн өсөлтийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор тус салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т өгдөг боловч шийдвэрлэдэггүй, ашиг сонирхлын зөрчил нь илэрхий байсан ч төрийн албанд оруулж ажиллуулдаг зэрэг баримт яригдсан тухай дурдаад, хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр хэрхэн ажиллах, энэ мэт зөрчлийг эцэс болгох чиглэлээр төрийн албан хаагчийн ёс зүйн Үндэсний хөтөлбөрт хэрхэн туссан тухай асуулт тавив. Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх шаардлага юу байгаа талаар асууж, хариулт авсан юм.


Ажлын хэсгийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн бөгөөд АТГ-ын Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн түүний асуултад хариулахдаа, төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг тус газар авч,  зөрчил тогтоогдож байгаа эсэх, эсвэл тухай салбарт ажиллахад цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй эсэх талаар хянан дүгнэлт гаргадаг. Хэрэв илт ашиг сонирхлын зөрчил тогтоогдвол албан хаагчийг тухайн ажилд томилох ёсгүй. Тус салбарт ажиллахад тухайн хүнд цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзсэн тохиолдолд тайлбар мэдэгдэл гаргуулж, шаардлагтай бол тухайн ажлаас түдгэлзүүлэх учиртай гэсэн хариулт өгөв. Мөн тэрбээр Монгол Улсын төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлаар Удирдлагын академиас гурван удаагийн судалгаа хийсэн тухай танилцуулж, эдгээр судалгаагаар төрийн албан хаагчдын ёс зүйн байдал хангалттай түвшинд дүгнэгдээгүй гэлээ. Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил өнөөдөр сургалт төдийхнөөр хязгаарлагдаж байгааг тэрбээр онцолсон юм.


Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төрийн албан хаагч томоохон ёс зүйн зөрчил гаргах тохиолдолд эрх мэдэлд нь цэг тавьж чаддаг байх, зөрчил гаргахгүй байх тал дээр шалгуурыг өндөр тавих шаардлагатай гээд, эмийн үнийн өсөлтийн асуудлаарх сонсгол дээр ярьсан нотлох баримтуудыг харж байхад тус салбарт төрийн зохицуулалт маш их байгаа атлаа ашиг сонирхлын зөрчил, далд бизнес асар их цэцэглэж, аалзны тор шиг бүрхчихсэн байгаа нь харагдсан гэсэн юм. Энэ нь төрийн албан хаагчдын ёс зүй, шударга байдал хангалтгүй байгаатай холбоотой хэмээн тэрбээр дурдаж, үүнийг таслан зогсоох ёстой гэв. Мөн ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх шийдвэрлэлт нь шударга, зөв байх ёстойг онцоллоо.


Санал хураалт явуулахад уг тогтоолын төслийг батлах тухай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг батлав.

Related news