Монгол Улс Венецийн 60 дахь удаагийн дүрслэх урлагийн биеннальд үзэсгэлэнгээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-19 08:41:42

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулж буй дүрслэх урлагийн салбарын нэр хүндийн ноён оргил болсон Венецийн 60 дахь удаагийн Биеннальд Монгол Улсын павильоныг албан ёсоор нээлээ. 


Биеннальд Монгол Улсыг төлөөлөн уран барималч, УГЗ А.Очирболд сонгогдож, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн нар хамтран ажиллаж байна. 


Монголын павильоны үзэсгэлэн “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд тус үзэсгэлэнг 4 дүгээр сарын 18-ны өдөр ёслол төгөлдөр нээсэн байна. Манай улсын павильоны нээлтийг олон улсын 50 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжилжээ. 

Монголын павильоны албан ёсны нээлтийг Монгол Улсыг нэгдсэн өнгө төрхтэйгөөр олон улсад сурталчлах “Go Mongolia” брендийн хүрээнд зохион байгуулж, энэ үеэр  уригдсан улс төр, соёл урлаг, бизнесийн салбарын нөлөө бүхий олон улсын 200 орчим зочин, төлөөлөгчид монгол урлаг, соёлын өвийг сонирхуулан сурталчилжээ. 


Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбараар дамжуулан улс эх орноо олон улсад сурталчлахын зэрэгцээ бүтээлч авьяас чадварыг хөгжүүлж, дэлхийд танигдсан оюуны болон соёлын өвийг бүтээгч хувь хүнийг дэмжихэд Соёлын яам онцгой анхаарч байна. Энэ хүрээнд дараа дараагийн биеннальд оролцох боломжтой Монголын шилдэг, залуу уран бүтээлчдийг энэхүү үйл ажиллагаатай танилцуулж, туршлага судлах боломжийг олгож байгаа аж.


Ташрамд дурдахад, энэ цаг мөчид Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин Италийн алдарт “Ла Скала” театрт тоглож буй дуурьт гоцлон дуулж байгаа бол 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр Флоренц болон Пармагийн их сургуулиудад “Монголын соёлын төв” нээлтээ хийх юм.

Мөн Ром хотноо 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах дэлхийн түүх, соёл, урлаг, ёс заншил, өв уламжлалыг сурталчлах зорилготой “Festival Dell’Oriente” наадамд Монгол Улс анх удаа зочин орноор оролцохоор бэлтгэлээ хангажээ.




Related news