“Реал Мадрид” Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-04-18 10:45:01

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /TASS/. Испанийн хөл бөмбөгийн “Реал Мадрид” баг Аваргуудын лигийн 1/4 шигшээгийн хариу тоглолтод Английн “Манчестер Сити”-г талбайд нь хожлоо. 


Эхний тоглолтод багууд 3:3-ын харьцаатай тэнцсэн бол хариу тоглолтын үндсэн цаг 1:1-ийн харьцаатай дуусжээ. Зочин багаас Родриго тоглолтын 12 дахь минутад, “Манчестер Сити”-гээс Кевин Де Брюйне 76 дахь минутад тус тус гоолдсон байна. Нэмэлт цагт өрсөлдөгчид гоол оруулаагүй бөгөөд торгуулийн цохилтоор “Реал Мадрид” 4:3-аар хожжээ.


Одоо хагас шигшээд “Реал Мадрид”-чууд шөвгийн наймд Английн “Арсенал” багийг 2:2, 1:0 харьцаагаар илүүрхсэн Германы “Байерн” багтай тоглоно. Мөн Германы “Боруссия” Францын “Пари Сен-Жермен” багтай хагас шигшээд тоглохоор шалгараад байгаа билээ. Хагас шигшээгийн эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 30 ба тавдугаар сарын 1-нд, хариу тоглолтууд тавдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд болно.


“Реал” багийн хувьд Аваргуудын лигийн 14 удаагийн аварга бөгөөд 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017, 2018, 2022 онуудад түрүүлж байв. Харин “Манчестер Сити” 2022/23 оны улиралд Аваргуудын лигт түрүүлж байжээ. Хоёр баг 2020 оноос хойш дөрөв дэх удаагаа Аваргуудын лигийн хасагдах шатанд учраа таарсан байна. 


Аваргуудын лигийн цомын финалын тоглолт зургаадугаар сарын 1-нд Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болно.





Related news