Аваргуудын лигийн хагас шигшээд тоглох эхний хоёр баг тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-17 10:34:00

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /РИА Новости/. Францын “Пари Сен-Жермен” багийн хөлбөмбөгчид Испанийн “Барселона”-г Аваргуудын лигийн тэмцээний ¼ шигшээ тоглолтод талбай дээр нь илт давуугаар буулган авснаар хагас шигшээд шалгарлаа.

 

Мягмар гарагт Барселона хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод зочин багийнхан 4:1 харьцаагаар давамгайлсан байна. Тоглолтын эхэнд талбайн эзэн багийн Рафинья тооны харьцааг нээсэн бол хариуд нь Парисын багийн Усман Дембеле (40), Витинья (54) нар хоёр гоол орууллаа. Улмаар Килиан Мбаппе 61 дэх минутад торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, тоглолтын 89 дэх минутад дахин гоол оруулснаар парисчууд хагас шигшээд шалгарахад гол үүргийг гүйцэтгэлээ.  

 

“Барселона”-гийн хөлбөмбөгчид тоглолтын ихэнх хугацаанд 10-уулаа тоглосон юм. 29 дэх минутад гол найдвар болж байсан Рональд Араухо улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн бол II үед ахлах дасгалжуулагч Хави сэлгээний тоглогчдын сандлаас мөн хөөгдөв.

 

¼-ийн хасагдах шатны эхний тоглолт Парист болж, “Барселона” баг 3:2 харьцаагаар хожсон бол энэ удаад “ПСЖ” ялж, нийт хоёр бөмбөгийн зөрүүгээр хагас шигшээд шалгаран, Дортмундын “Боруссия” багтай тоглохоор боллоо.

 

Дортмундчууд мягмар гарагт өөрийн талбайд Мадридын “Атлетико” багийг 4:2 харьцаагаар хожсоноор Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан юм. “Боруссия”-гийн Юлиан Брандт (34 дэх минут), Ян Матсен (39), Никлас Фюллькруг (71), Марсель Забитцер (74) нар гоолдсон бол “Атлетико”-гийн Анхель Корреа /64 дэх минут/ хариу гоол оруулж, харин Матс Хуммельс 49 дэх минутанд өөрийн хаалганд бөмбөг оруулжээ.


Мадридад болсон эхний тоглолтод “Атлетико” баг “Боруссия”-г 2:1 харьцаагаар хожсон бол дортмундчууд хоёр тоглолтод оруулсан гоолын зөрүүгээр хагас шигшээд шалгарлаа. 

Related news