А.Мөнхболд: Сэлэнгэ аймаг ирээдүйд ногоон аймаг болох бүрэн суурь бололцоо байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-12 15:00:08

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ногоон хөгжлийн төлөвлөлтийг нарийвчлалтайгаар судлан боловсруулж байна.

 

Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн багийн ахлагч, доктор А.Мөнхболдтой ярилцлаа.

 

-Та бүхний хийж байгаа судалгааны ажил ямар түвшинд явж байна. Гол зорилго юунд чиглэж байгаа талаараа сонирхуулахгүй юу?

-Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай байгуулсан ногоон хөгжлийн стратеги боловсруулах судалгааны баг Сэлэнгэ аймагт ирээд аймгийн Засаг дарга болон удирдлагуудтай уулзлаа. Бид хийж байгаа судалгааны ажлаа танилцуулж, санал зөвлөмж авлаа.

 

Уур амьсгалын өөрчлөлтөд аймгийн эдийн засаг хэрхэн дасан зохицох вэ, аймаг цаашид ногоон хөгжлийг яаж суурь зарчмаа болгон хөгжүүлэх вэ гэдэгт бидний судалгааны зорилго чиглэж байгаа.

 

Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж байна. Энэ дотроо Сэлэнгэ аймагт хэрхэн яаж нөлөөлж байгаа талын суурь судалгааг бид хийж дууссан. Үүнээс гадна байгаль орчны судалгаа, хөрс, ургамал, амьтан бүх нөхцөл байдлын судалгааг дүгнээд үзэхэд, Сэлэнгэ аймаг ирээдүйд ногоон аймаг болох бүрэн суурь бололцоо байгаад байгаа юм.

 

-Аймгийн удирдлагуудаас ямар санал зөвлөгөөг өгөв. Цаашдын судлагааны ажил тань аймгийн хөгжлийн бодлогуудтай хэрхэн уялдах бол?

-Бид аймгийн удирдлагуудтай уулзаж, чиглэл авсан. Энэ судалгааны ажлаа илүү нарийвчилж, илүү тогтвортой хөгжилтэй, ядууралгүй аймаг болгох зорилтыг тавьж, судалгааны үр дүнгээ илүү нарийвчилж ажиллахаар тохиролцлоо.  

 

Сэлэнгэ аймгийн ногоон хөгжлийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа-2050 болон НҮБ-ын дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго, бусад Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулж байгаа.

 

Бидний хийж байгаа судалгаагаар Сэлэнгэ аймгийн Ногоон хөгжлийн бодлого 2030 он хүртэлх бодлогын баримт бичиг болно. Энэ судалгаагаар бид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, эдийн засаг, нийгэм, хүний хөгжил, засаглалын салбаруудыг систем динамикийн загвараар уялдуулан, хүчин зүйлсийн нөлөөллийг нарийвчлан тооцсон. Тухайлбал Сэлэнгэ аймгийн сум бүрийн хөгжлийг тодотгосон, онцлогийг илэрхийлсэн ийм баримт бичиг болох юм.

 

Related news