Ипотекийн зээлийг гацаанаас гаргах хуулийн төсөл өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-08 15:11:09

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нар өнөөдөр Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулж хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат одоогийн байдлаар ипотекийн зээл гацаанд ороод байгаа тул Засгийн газар, Монголын банкуудын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банк зэрэг байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, “Бид Иргэний хуулийн 170.6 гэдэг шинэ зүйлийг шинээр нэмж орууллаа. Энэ хуулийн гол агуулга нь холбогдох этгээдээс зөвшөөрөл авч байж үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх явдал юм. Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрээр бол хөлслөх, түрээслэх эрх нь хөрөнгө эзэмшигчид үлдсэн. Ингэснээр Үндсэн хуулийн заалтыг зөрчихгүй гэж үзэж байгаа. Ирэх долоо хоногт хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ” гэв.

Түүнчлэн 8 хувийн зээлтэй иргэдийг 5 хувь руу шилжүүлэх гарцыг хэрхэн харж байгааг тодруулахад, “Одоогоор 8 хувийн зээлэнд 80 гаруй мянган айл өрх хамарсан. Цаашид 200 мянган өрх бага хүүтэй орон сууцны зээлд хамрах хүлээлт үүсээд байна. Өнөөгийн түвшинд инфляци 2,9 хувьтай байгаа. Үүнтэй холбоо 5 хувийн ипотекийн зээл гаргах боломжтой гэж банкууд мэдэгдэл хийж байгаа юм. Өнөөдрийн өргөн барьсан хуулиар 5 хувийн хүүгийн асуудал зохицуулагдахгүй. Холбогдох хууль гарахаар хүү бууруулах асуудал ярьж таарна. Таван хувийн ипотекийн зээл гаргах асуудал Засгийн газраас хамаарна. Засгийн газар тэтгэврийн сангийн асуудлыг гарган тавих ёстой юм” гэв.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мөн үеэр нэмж, “Хуулийн төсөлд хөлслөх, түрээслэх хоёр дээр банкнаас зөвшөөрөл авахгүй байх зохицуулалтыг тусгасан. Худалдах болон шилжүүлэх болвол банкнаас зөвшөөрөл авна” гэсний зэрэгцээ уг хуулийн төсөл цагаан сарын өмнө батлагдана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news