Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-08 15:03:58

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзжээ. 


Товчхон:

-БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.


-Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай шийтгэх тогтоол 123 хуудас, Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн магадлал 71 хуудас, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох тогтоол 56 хуудас, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгосон байна.


-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Мандалбаатарын Маргад-Эрдэнийг томилжээ. М.Маргад-Эрдэнэ тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байгаа юм.

 

 

Related news